
Цахилгаан тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтад хамруулахгүй, ногоон улсын дугаар олгох асуудлаар өнөөдөр /2026.5.1/ Авто тээврийн үндэсний төвөөс тайлбар мэдээлэл хийлээ. 2024 оны арваннэгдүгээр сараас эхлэн импортоор орж ирж буй тээврийн хэрэгсэлд шинээр улсын дугаар олголтыг хязгаарласан. Харин цахилгаан тээврийн хэрэгслийг уг хязгаарлалтаас чөлөөлөх сайдын тогтоол, Засгийн газрын шийдвэрүүд гарсан. Бүрэн цахилгаан буюу 100 хувь цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэлд импортоор орж ирсэн даруйд ногоон улсын дугаар олгоно.
Мөн үндсэн хөдөлгүүр нь цахилгаан, баттерейг гадаад эх үүсвэрээр цэнэглэх боломжтой залгадаг гибрид (plug-in hybrid, PHEV) автомашиныг эко ангилалд хамруулж, дугаарын хязгаарлалтаас чөлөөлнө. Харин Prius, Aqua зэрэг энгийн хосолмол хөдөлгүүртэй (hybrid, HEV) тээврийн хэрэгсэлд ногоон улсын дугаар олгохгүй.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд 1.3 сая орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 553 мянга нь хосолмол хөдөлгүүртэй байгаа тул эдгээрт ногоон дугаар олгох боломжгүй” гэдгийг мэдэгдлээ.
Монгол Улсад цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжих зорилгоор ногоон улсын дугаар олгох шийдвэрийг Засгийн газрын 2026 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар баталсан. Дэлхий дахинд шатахууны хомсдол үүсэх эрсдэл нэмэгдэж буй энэ үед байгальд ээлтэй автомашины хэрэглээг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд уг шийдвэрийг гаргасан байна. Тодруулбал, ногоон улсын дугаарыг бүрэн цахилгаан автомашин (BEV) болон зай хураагуурт тулгуурласан, туулалтын зай уртасгагчтай цахилгаан автомашин (EREV)-д олгохоор болсон. Харин гибрид (HEV), залгадаг гибрид (PHEV) технологийн автомашинууд, тухайлбал Prius, Aqua зэрэгт энэ журам хамаарахгүй. EREV төрлийн автомашин нь үндсэндээ цахилгаан хөдөлгүүрээр ажилладаг бөгөөд батарейг цэнэглэх зориулалттай бага оврын үүсгүүртэй. Энэхүү үүсгүүр нь дугуйнд шууд хүч дамжуулахгүй, зөвхөн шаардлагатай үед батарейг цэнэглэдэг тул туулалтын зай уртасгагч гэж нэрлэдэг. Олон улсын жишигт байгальд ээлтэй тээврийн хэрэгсэлд ногоон өнгийн улсын дугаар олгодог бөгөөд Монгол Улс ч энэ жишгийг нэвтрүүлж эхэлж байна.







