
Монгол Улсын 2026 оны төсвийн хэрэгжилт оны эхний улирлын байдлаар 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан. Энэ бол санхүүгийн бодлогын орчныг анхаарал татахуйц түвшинд хүргээд байна.
Үүний зэрэгцээ Засгийн газраас багш нарын цалинг 50 хувиар, эмч нарын цалинг мөн хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг тавдугаар сарын 01- ээс хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа нь төсвийн ачааллыг улам нэмэгдүүлэх нь тодорхой болсон.
Улсын Их Хурлаас багш нарын цалинг нэмэгдүүлэхэд зориулан 618 тэрбум төгрөг баталсан бөгөөд уг шийдвэрийн хэрэгжилтийг хангах хүрээнд аргачлалын шинэчлэл хийгдэж байна.
Сангийн сайдын тайлбарласнаар, цалинг 50 хувиар нэмэгдүүлсний дараа холбогдох нэмэгдлүүдийг шинэ суурь цалингаас тооцох зохицуулалтыг тавдугаар сарын 1-нээс мөрдөхөөр бэлтгэж байгаа аж. Энэ нь бодит өсөлтийг бүрэн илэрхийлэх шинэчлэл гэж үзэж байна.
Гэвч төсвийн гүйцэтгэлийн өнөөгийн нөхцөл байдалд дээрх шийдвэр хэрхэн нийцэх нь гол анхаарал татаж байна.
Оны эхний гурван сард эдийн засгийн идэвхжил улирлын онцлогоос шалтгаалан харьцангуй сул байдаг бөгөөд энэ нь төсвийн орлогын гүйцэтгэлд нөлөөлсөн талаар Сангийн сайд дурдсан.
Харин хоёрдугаар улирлаас эхлэн бүтээн байгуулалтын улирал идэвхжиж, эдийн засгийн эргэлт нэмэгдэхийн хэрээр орлого сайжирна гэсэн хүлээлттэй байгааг онцолсон юм.
Одоогийн байдлаар Засгийн газар цалингийн нэмэгдлийг санхүүжүүлэхдээ төсвийн ерөнхийлөн захирагчийн багцын хүрээнд дотоод зохицуулалт хийж байгаа бөгөөд боловсролын салбар дотроос урсгал болон хөрөнгө оруулалтын зардлын дахин хуваарилалтаар эх үүсвэрийг бүрдүүлж байна.
Үүний зэрэгцээ татвар, гааль, хил боомтын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлж буйг Сангийн сайд хэлсэн.
2026 оны төсөвт тодотгол хийх нь гарцаагүй болсон. Харин хууль, эрх зүйн хугацаатай хэрхэн уялдуулахаа Засгийн газар шийднэ.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг тавдугаар сарын 1-ний дотор өргөн барьж, зургадугаар сарын 1-ний дотор батлах ёстой.
Энэхүү баримт бичгийг баталснаас хойш гурван сарын хугацаанд төсөвт тодотгол хийхийг хуулиар хориглодог.
Иймд хамгийн ойрын боломжит хугацаа наймдугаар сараас хойш бүрдэхээр байна. Сангийн сайдын байр сууринаас харахад, одоогийн байдлаар орлогын гүйцэтгэлийг нэмэгдүүлэх, батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх замаар тодотгол хийхгүйгээр нөхцөл байдлыг даван туулах зорилт тавьж байгаа юм байна.
Гэсэн хэдий ч 1.3 их наяд төгрөгийн алдагдал, 618 тэрбум төгрөгийн цалингийн нэмэгдлийн санхүүжилт зэрэг тоон үзүүлэлтүүдийг харгалзан үзвэл төсвийн тэнцвэрт байдалд ирэх дарамт нэмэгдсээр л байна.
Ийм нөхцөлд төсвийн орлогын өсөлт төлөвлөсөн хэмжээнд хүрэх эсэх нь тодотгол хийх шаардлага үүсэх гол шалгуур болж байна.
Товчхондоо, Засгийн газар одоогоор төсвийн тодотгол хийхгүйгээр нөхцөл байдлыг зохицуулахаар гүрийж байгаа боловч орлого нь, эдийн засгийн идэвхжил, зарлагын дарамтын уялдаа нь цаашдын шийдвэрийг тодорхойлох биз.
“Тоо худлаа ярьдаггүй” гэж улс төрчид байнга хэлдэг. Тэгвэл ойрын өдрүүдэд төсөв тойрсон тоо “аврал” эрсэн дохио асаасныг Засгийн газар анхахрч харах шаардлагатай байна.








