
Улсын хэмжээнд 2026 оны наймдугаар сарын байдлаар 25.3 мянган тонн хүнсний ногоо, 19 мянган тонн төмс хураажээ. Мөн 153.5 мянган тонн хадлан хадаж, 1.9 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр хураасан хүнсний ногоо өмнөх оны мөн үеэс 3.6 мянган тонноор буюу 16.3 хувиар өссөн байна. Төмсний ургац мөн 9.5 мянган тонноор нэмэгдэж, өмнөх оны мөн үеэс хоёр дахин өсжээ. Харин бэлтгэсэн хадлан 3.1 мянган тонноор буюу хоёр хувиар, гар тэжээл 3.1 мянган тонноор буюу 61.6 хувиар буурсан байна.
Төмсний ургац Дундговь, Дорнод, Баянхонгор, Говь-Алтай, Хөвсгөл, Архангай, Хэнтий, Ховд аймаг болон Улаанбаатар хотод өмнөх оны мөн үеэс 1.9-89.1 хувиар буурсан бол бусад аймагт 0.2 хувиас 6.7 дахин өсжээ.
Харин хүнсний ногооны ургац Дорноговь, Дундговь, Баян-Өлгий, Говь-Алтай, Өмнөговь, Баянхонгор, Архангай, Хэнтий, Ховд, Дархан-Уул аймаг болон Улаанбаатар хотод 2.7-89.2 хувиар буурсан байна. Бусад аймагт хүнсний ногооны ургац 2.0 хувиас 6.7 дахин өссөн үзүүлэлттэй гарчээ.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо










