
АНУ-ын Зэвсэгт хүчний жанжин штаб “АНУ-Ираны яриа хэлэлцээ”-г мухардлаас гаргахын тулд Ираны эсрэг хүчтэй цохилт үзүүлэхээр төлөвлөж байгаа тухай мэдээ гарсантай холбоотойгоор пүрэв гарагийн өглөө Brent маркийн газрын тосны үнэ 7 хувиар өсөж, нэг баррель нь 126 ам.долларт хүрчээ.
Энэ нь 2022 оны 3-р сараас хойш буюу ОХУ Украин руу довтолсноос хойш бүтгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт юм.
Пүрэв гарагийн үдээс хойш газрын тосны үнэ аажмаар буурсаар 111 ам.доллар болсон байна.
Дэлхийн газрын тос болон шингэрүүлсэн байгалийн хийн нийт худалдааны 20 орчим хувь нь Ормузын хоолойгоор дамжин тээвэрлэгддэг ба АНУ-Израилын цохилтуудын улмаас Тегеран Ормузын хоолойг хааснаас хойш 70 орчим ам.доллар байсан газрын тосны үнэ 90 ам доллароос буухаа больж, дэлхий даяар эрчим хүчний үнэ өсөөд байна.
Түүхий газрын тос нь бензин болон дизель түлшний гол түүхий эд бөгөөд Ираны дайн эхэлснээс хойш газрын тосны үнэ нэмэгдсэн нь тээврийн хэрэгслүүдийн зардал өсөхөд хүргээд байна. Жишээ нь агаарын тээврийн компаниудын зарим нь тийзийн үнээ нэмж эсвэл нислэгүүдийнхээ тоог цөөлж эхлээд байна.







