
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр \2026.04.30\ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны өнөөгийн байдал, эдийн засаг, бүсчилсэн хөгжил, чөлөөт бүсүүдийн бодлого, экспорт, импортын бүтээгдэхүүний чанар, стандарт болон байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, даван туулах чиглэлээр харилцан санал солилцож, цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн бэхжүүлэхэд идэвхтэй ажиллахаа илэрхийллээ.

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хөгжүүлэхээ онцлон тэмдэглээд, гурван улсын эдийн засгийн коридорыг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллахаа тодотгов.
Элчин сайд Шэнь Миньжюан БНХАУ-ын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 15 дугаар таван жилийн төлөвлөгөө батлагдсантай холбогдуулан хоёр орны хил орчмын бүс нутаг, боомтуудыг хөгжүүлэхэд онцгой анхааран ажиллаж буйгаа илэрхийллээ.


Түүнчлэн онцгой байдал, стандарт, хэмжил зүй, чөлөөт бүс, бүсчилсэн хөгжлийн чиглэлээрх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, бодит үр өгөөжийг хоёр орны ард иргэдэд хүргэхийн төлөө талууд нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.
Стандартыг шинэчлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, Европын холбоо хоорондын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт идэвхтэй гүнзгийрэн хөгжиж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Цаашид хүнс, хөдөө аж ахуйн салбарт евро стандартыг нутагшуулах, боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Түүнчлэн, Европын холбооны гишүүн орон Бүгд Найрамдах Франц Улсын хөнгөлөлттэй зээлээр онцгой байдлын салбарт “Агаараас аврах ажиллагааны нэгжийн чадавхыг бэхжүүлэх” төсөл амжилттай хэрэгжиж буйд талархаж, цаашид төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийллээ.
Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Ина Марчюлёните Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх стандартыг шинэчлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах талаар дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа онцлов. Европын холбоо нь сүүлийн жилүүдэд Монгол Улсын хөдөө орон нутгийн хөгжилд анхаарал хандуулж буй учраас “Европын өдөрлөг 2026” үйл ажиллагааг ирэх сард Дархан-Уул аймагт зохион байгуулах тухай дурдав.


Уулзалтын үеэр талууд Монгол Улс, Европын холбооны улс орнууд хоорондын харилцааг улам бүр өргөжүүлэн бэхжүүлэхэд санал нэгдэж, хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийллээ.







