
Шатсан 207-р байрны шинээр барих өртөг 4 тэрбум төгрөгөөр нэмэгджээ
БЗД-ийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд замд 2024 оны нэгдүгээр сард шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан хүнд даацын автомашин, суудлын автомашинтай шүргэлцэж, дэлбэрэлт болсон. Тус осолд Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр өртөж, 63 өрхийн 218 оршин суугчид өнөөдрийг хүртэл түрээсийн байраар амьдарч байгаа юм. Галд өртсөн байрыг 2025 оны есдүгээр сарын 5-наас нураах ажлыг эхлүүлж дахин шинээр барих тендерийг зарласан. Тус тендерт “Дабль пирамид” болон “Гэрэгэ технологи” компанийн түншлэл шалгарч гэрээ байгуулан 2027 онд байрыг ашиглалтад оруулахаар болсон билээ.
207-р байрыг шинээр барихад 12.3 тэрбум төгрөгийг төсөвлөхөөр тооцоолсон ч, 16 орчим тэрбум төгрөг болж нэмэгдээд байна. Үндсэндээ дахин барих төсөв дөрвөн тэрбум төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг. Учир нь анхны зураг төсөл дээр тодотгол хийх шаардлага гарсан тул инженерийн шугам сүлжээнд холбогдох техникийн нөхцөлийг шинээр хийх шаардлагатай тул барилгыг барих төсөвт өртөг нэмэгджээ.







