
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
-Татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ.
-Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг зохистой хэмжээнд бууруулах зорилгоор нийт 2.2 их наяд төгрөгийн татварын дэмжлэг үзүүлэхээр тус хуулийн төсөлд тусгалаа.
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшиж байгаад нас барсан 132,203 иргэний хувьцаа өвлөгдөх нөхцөл бүрдлээ.
-2026 оны зургадугаар сарын 29-30-нд зохион байгуулахаар төлөвлөсөн “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав.
-Орхон, Өвөрхангай, Хэнтий, Дундговь, Говь-Сүмбэр аймагт энэ онд нарны станц ашиглалтад орно.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд:
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны дөрөвдүгээр сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг зохистой хэмжээнд бууруулах зорилгоор нийт 2.2 их наяд төгрөгийн татварын дэмжлэг үзүүлэхээр тус хуулийн төсөлд тусгалаа.
Иргэн, өрхийн орлогыг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орон сууцжуулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн татварын бодлого хэрэгжүүлж эдийн засгийн өсөлтийг иргэн, өрх бүрд хүртээнэ.
- Иргэдийн татварын ачааллыг бууруулах зорилгоор хөдөлмөр эрхэлж буй иргэдийн сарын 792 мянган төгрөг хүртэлх орлогод ногдуулах албан татварыг 100 хувь буцаан олгоно.
- Татварын шударга байх зарчмыг хангах зорилгоор үйл ажиллагааны орлогыг хялбаршуулсан горимоор тайлагнах босго дүнг нэг тэрбум төгрөгөөр тогтоож борлуулалтын орлогын нэг хувиар татвар төлөх боломж олгоно.
- Иргэдийн амьдран сууж буй орчноо сайжруулахыг дэмжих зорилгоор татвар төлөгч өмчилсөн орон сууцаа худалдан борлуулсан тохиолдолд үл хөдлөх борлуулсны албан татвараас чөлөөлнө.
- Татвар төлөгчийн татвар төлөх, тайлагнах үйл ажиллагааг хялбаршуулах зорилгоор тайлан тушаах, албан татварыг төсөвт төлөх хугацааг хойшлуулахаар тусгалаа.


Бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа өргөжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, татварын ачааллыг бууруулна.
- Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн татварын хөнгөлөлтийн хамрах хүрээг нэмэгдүүлэх зорилгоор 90 хувийн татварын буцаалт эдлэх буюу татварын нэг хувийн ачааллын босго дүнг 1.5 тэрбум төгрөгөөс 2.5 тэрбум төгрөг болгож өсгөнө.
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 25 хувиар тооцон ногдуулж эхлэх татвар ногдуулах орлогын босгын хэмжээ зургаан тэрбум байсныг 10 тэрбум болгон, 6-10 тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлогод 15 хувиар татвар ногдуулан хөнгөлөлт үзүүлнэ.
- Бизнес эрхлэгчдийг бизнесээ идэвхжүүлэх, тэлэх бололцоогоор хангаж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор НӨАТ суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгоно.
- Хариуцлагатай татвар төлөгчийг дэмжих, урамшуулах зорилгоор татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшинтэй уялдуулан дотоодын болон импортын НӨАТ төлөх хугацааг хоёр хүртэлх сараар хойшлуулна.
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан тушаах, төсөвт төлөх хугацааг хойшлуулахаар тусгалаа.


“Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
2026 оны зургадугаар сарын 29-30-нд зохион байгуулахаар төлөвлөсөн “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлахаар тогтов.
Олон улсын геополитикийн хурцадмал байдал болон том гүрнүүдийн худалдааны сөргөлдөөнөөс шалтгаалан нийлүүлэлтийн сүлжээнд тасалдал үүсэж, түүхий эд, эрчим хүчний үнэ огцом хэлбэлзэж байна. Гадаад орчны тодорхой бус байдал нь импортын өртгийг нэмэгдүүлж, инфляцын дарамтыг өсгөх замаар Монгол Улсын макро эдийн засгийн тогтвортой байдалд шууд болон шууд бус сөрөг нөлөөллийг үзүүлэх эрсдэлтэй байна.
Иймд төсвийн бодлогыг оновчтой болгож, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нөөц бүрдүүлэх нь төрийн байгууллагуудын нэн тэргүүний зорилт болоод байна. Төрийн хэмнэлтийн тухай хуульд заасны дагуу төсвийн үр ашиггүй зардлыг танаж, нөөцийг стратегийн ач холбогдол бүхий үйл ажиллагаанд төвлөрүүлэх замаар эдийн засгийн дархлааг дэмжих зайлшгүй шаардлагатай гэж үзлээ.












