
Английн хаан III Чарльз АНУ-ын Конгресст үг хэлэв
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын хаан III Чарльз АНУ-д хийж буй төрийн айлчлалынхаа хоёр дахь өдөр АНУ-ын Конгресст үг хэлжээ. Тэрээр энэхүү айлчлалаараа Их Британийн ард түмэн АНУ-ын ард иргэдийг эрхэм нөхрөө гэж үзэж, гүнээ хүндэлдэг болохыг илэрхийлэхийг зорьсон гэдгээ онцолж, улс төрийн хүчирхийллийг үл харгалзан АНУ, Их Британи хоёр улс мөр зэрэгцэн ард иргэдээ хамгаалах болно гэжээ.
Түүнчлэн хаан Чарльз дэлхий даяар тодорхой бус нөхцөл байдал үүссэн явдал мөн Европ болон Ойрх Дорнод дахь зөрчилдөөнүүд нь олон улсын хувьд асар том сорилт болж, үр дагавар нь АНУ, Их Британийн нийгэм, улс төрийн байдалд нөлөөлж буйг онцолжээ. Тодорхой бус уг нөхцөл байдалд АНУ-Их Британийн эвсэл зөвхөн өнгөрсөн ололт амжилтдаа найдаж, хоёр улсын харилцааны суурь зарчмууд хадгалагдан үлдэнэ гэж найдах ёсгүйг анхааруулжээ.
Тэрээр хоёр улс батлан хамгаалахын салбарт хамтарч ажиллах боломжууд байгааг онцолж, Их Британийн батлан хамгаалахын тогтолцоог үндсээр нь өөрчлөх шаардлага байгаа тул тус улс батлан хамгаалахын салбарынхаа төсвийг нэмэгдүүлж байгааг дурджээ. Хаан III Чарльзийн хэлснээр хоёр улсын хамтын ажиллагааны хүч, шийдэмгий байдал нь Украиныг, Украины зоригт ард иргэдийг хамгаалж, шударга бөгөөд бат бөх энх тайвныг тогтооход шаардлагатай байгаа аж.
Байгаль орчны асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулахыг зорьж, байгаль орчноо хамгаалахыг тууштай дэмжиж ирсэн хаан Чарльз Конгрессын гишүүдийн өмнө хэлсэн үгэндээ дэлхийн ирээдүй, улс орнуудын хөгжил цэцэглэлт, аюулгүй байдал зэрэг нь байгаль орчноо хэр сайн хамгаалснаас шалтгаална гэдгийг онцолсон байна. Тэрээр АНУ-Их Британи хоёр улсын эвсэл хүн төрөлхтний түүхэнд онцгой байр суурийг эзэлдэг болохыг онцолж, хоёр улс Европын түншүүд, Хамтын нөхөрлөлийн болон дэлхийн бусад орнуудын хамт эв нэгдэлтэй байж, хамтын үнэт зүйлсээ хамгаалсан хэвээр байгаасай гэж залбирч байгаагаа дурджээ.








