
Хойд Солонгост цар тахлын үеэр цаазаар авхуулсан хүмүүсийн тоо огцом нэмэгджээ
БНСУ-ын хүний эрхийн төлөөх TJWG төрийн бус байгууллагын хийсэн судалгаагаар Хойд Солонгос улсад 2020 оны 1-р сараас 2025 оныг хүртэл цаазын ял авсан болон цаазаар авхуулсан иргэдийн тоо 2020 оноос өмнөх 5 жилтэй харьцуулахад 117 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.
Үүнээс Пхеньян коронавирусийн цар тахалтай холбоотойгоор бүх хилээ хааж, гадаад орчноос бүрэн тусгаарлагдаж, олон улсын хараа хяналт байхгүй болсон үед олон тооны иргэдэд цаазын оноож, цаазаар авсан болох нь тодорхой харагдаж байна.
TJWG байгууллага Хойд Солонгосын эрх баригчдын цаазын ял гүйцэлдүүлсэн 46 байршлыг олж тогтоосон байна. Тэдгээрийн 40-ынх нь байршлыг ил болгожээ. Түүнчлэн Ким Жон Ун Хойд Солонгосын удирдагчаар томилогдсоноос хойш буюу 2011 оны 12-р сараас хойш багадаа 358 хүн цаазаар авхуулж, тэдгээрийн 70 орчим хувийг олон нийтийн өмнө цаазаар авсан болохыг TJWG байгууллага тогтоожээ.
Дээрх тоог TJWG байгууллага Хойд Солонгосоос зугтсан 265 иргэнээс авсан мэдүүлэг, Хойд Солонгосын хэвлэл мэдээллийн 5 хэрэгслээс авсан мэдээлэл зэргээс үндэслэн гаргажээ. Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор хилээ хааж, 2025 онд нээх хүртлээ Пхеньян цаазаар авах ялтай гэмт хэргүүдийн тоог нэмэгдүүлсэн байна.
Мөн гадны соёл, мэдээлэл тэр дундаа БНСУ-ын уран сайхны кино, цуврал кино, дуу хөгжим зэрэг контентыг хадгалсан, түгээн дэлгэрүүлсэн хэргээр мөн шашин болон мухар сүсэгтэй холбоотой зан үйл хийсэн хэргээр цаазын ял авсан, цаазаар авхуулсан иргэдийн тоо 250 хувиар өсжээ. Тэгвэл энэ хугацаанд хүний амь нас хохироосон хэргээр цаазын ял авсан, цаазаар авхуулсан иргэдийн тоо даруй 44 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
Эх сурвалж: The Guardian








