
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 124 иргэн хорджээ
Нийслэлд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийн хордлогод 124 иргэн өртөж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Тодруулбал, угаарын хийд хордсон гэх дуудлага мэдээлэл нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт хамгийн өндөр буюу 46 бүртгэгдсэн бол Чингэлтэй дүүрэгт 20, Хан-Уул дүүрэгт гурав, Баянзүрх дүүрэгт 41 бүртгэгджээ. Алслагдсан гурван дүүрэг энэ төрлийн дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй аж. Харин Сүхбаатар дүүргийн хэмжээнд ес, Баянголд таван иргэн угаарын хийд хордсон талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.
Угаарын хийд хордсон иргэдийг насны бүлгээр авч үзвэл 52 хувь нь 18-аас дээш насныхан, 48 хувь нь 17-оос доош насныхан байгаа аж. Тус иргэдийг биеийн байдлаар авч үзвэл, хөнгөн 22 хувь, дунд 34 хувь болон хүндэвтэр 42 хувь, хүнд хоёр хувийг тус тус эзэлж байна.
Мөн Нийслэлийн түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь айл өрхүүдэд суурилуулсан алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжид хяналт тавин ажилладаг. Тус төвийнхөн угаарын хий мэдрэгч төхөөрөмжөөс ирж буй мэдээлэлд үндэслэн яаралтай арга хэмжээ авч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд 130 гаруй мянган айлд угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулсан. Эдгээр төхөөрөмжөөс ирэх мэдээллийг Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилчид 24 цагаар хянаж, угаарын хий илэрсэн айл өрхүүдтэй цаг алдалгүй холбогдож, анхааруулга сэрэмжлүүлэг хүргэдэг.








