
Дэлхийн хамгийн урт тирамисуг хийхэд 50 мянган жигнэмэг, 3000 гаруй өндөг оржээ
Өнгөрсөн амралтын өдрүүдээр Лондон хотын Челси дүүргийн захиргааны байранд Италийн нарийн боовны 100 тогооч цуглаж, дэлхийн хамгийн урт тирамису бялууны өмнөх рекордыг эвдсэн байна. Тэд өмнө нь Миланд тогтоосон 273.5 м урт тирамису бялууны рекордыг эвдэж, 440.6 м урт тирамису бялуу урлаж чаджээ.
Гиннесийн дээд амжилтыг бүртгэх журмын дагуу гиннесийн рекордыг бүртгэх багийнхан тогоочдыг тирамису бялуугаа 50 мянган жигнэмэг, 3000 гаруй өндгөөр хийж буйг биечлэн ажигласан байна. Дэлхийн хамгийн урт тирамису бялууг Лондонд хийх санааг гаргасан Мирко Риччи 2017 онд уг рекордыг эзэмшиж байсан ч 2019 онд түүний рекордыг Италийн баг эвджээ.
М.Риччи тирамису бялуу нь Итали улсын бусад улс оронд нутагшуулсан гайхалтай дессерт хэмээн, Италийн нарийн боовны тогооч нар хамгийн урт тирамису бялууны рекордыг эх орондоо бус Их Британид бүртгүүлсэн нь Их Британи улсад талархаж буйгаа илэрхийлэх хүсэлтэй нь холбоотой гэжээ. Тэрээр 440.6 м урт тирамису бялуугаа Их Британийн хаан болон хааны гэр бүлийнхэнд зориулж байгаагаа онцолсон байна.
Тирамису бялууг урлахад оролцсон тогооч Кармело Карневале өмнөх рекордыг эвдэхийн тулд тогооч нар нар бялуугаа багадаа 8 см өндөр, 15 см өргөнтэй хийх ёстой байсныг онцолж, жинхэнэ тирамису бялуунд сайн чанарын кофе, өтгөн крем, мөн асар их сэтгэл зүрх орох ёстой гэжээ.








