
Орон нутгийн хурлын нөхөн сонгуульд таван нам оролцоно
Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гармагц 2026 оны зургаадугаар сарын 6-ны өдрөөс сонгуулийн сурталчилгаа эхлэх ажээ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуульд МАН, АН, ИЗНН, ХҮН нам, Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам оролцохоо илэрхийллээ.
Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэн, хүсэлтээ тухайн шатны сонгуулийн хороонд 2025 оны дөрөвдүгээр сарын 22-оос өмнө ирүүлэх, тухайн шатны сонгуулийн хороо тав хоногт багтаан бүртгэх эсэх шийдвэр гаргахаар “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-т заасан. Орон нутгийн хурлын нөхөн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх болон бие даан нэр дэвшүүлэх ажиллагааг 2026 оны тавдугаар сарын 7-оос 13-ыг дуустал үргэлжлүүлнэ. Нэр дэвшүүлсэн ажиллагаа дууссан өдрөөс хойш гурван хоногт багтаан (2026.05.16-ны дотор) баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлнэ.
Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүргэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргах юм. Улмаар нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол 2026 оны зургаадугаар сарын 6-ны өдөр тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр сонгуулийн сурталчилгаа эхэлнэ хэмээн Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэв.








