
Японы Токио мужийн удирдлагууд зуны аагим халуун өдрүүлэд цахилгаан эрчим хүчээ хэмнэх үүднээс төрийн албан хаагчдад ажил дээрээ шорт, футболк өмсөхийг зөвшөөрчээ.
Японы Байгаль орчны сайдын хувиар хорин жилийн өмнө эрчим хүч хэмнэх зорилготой Cool Biz аяныг санаачилж байсан Токио мужийн захирагч Юүрико Коикэ, “Эрчим хүчний эрэлт нийлүүлэлтийн хэтийн төлөвтэй холбоотойгоор бид төрийн албан хаагчдад ажлын байран дээрээ халуунд өмсөхөд тухтай поло цамц, футболк, пүүз, мөн ажлын онцлогоос шалтгаалж шорт зэргийг өмсөхийг зөвшөөрч байна.” хэмээн мэдэгджээ.
Токио мужийн удирдлагууд уг шийдлийн ачаар эйркондишны хэрэглээг бууруулна гэж найдаж байгаа аж.
Ойрх Дорнодод үүссэн нөхцөл байдлаас болж Азийн орнуудад бензин шатахууны үнэ нэмэгдэж, бензин түлшний нөөц хомсдоход хүрээд байгаа юм. Азийн зарим орнууд төрийн албан хаагчдын ажлын цагийг багасгаж, гэрээсээ ажиллахыг зөвлөж байгаа бол БНСУ-ын Сөүл хотын удирдлагууд оршин суугчдадаа ойр зайг алхаж эсвэл унадаг дугуйгаар туулахыг уриалж байна.
Япон улсын хувьд газрын тосныхоо 90 хувийг Ойрх Дорнодоос импортолдог ба Ираны дайнаас болж хэдийн нөөцийн газрын тосноосоо хэрэглэж эхэлжээ. Ирэх сарын 1-нд Японы засгийн газар нөөцийн газрын тосноосоо 20 хоног хэрэглэх хэмжээний газрын тосыг дотоодын зах зээл дээр гаргахаар төлөвлөсөн ба Ормузын хоолойноос бусад замаар газрын тос тээвэрлэдэг нийлүүлэгчдээс газрын тос импортолж эхэлжээ.
Эх сурвалж: The Guardian








