
Улсын Их Хурлын асуулгын цаг эхэллээ. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Ерөнхий сайд Н.Учралаас асуулт асууж байна.
О.Цогтгэрэл: Монгол Улсыг дэлхий нийтээрээ ардчиллын нэг арал гэж үздэг байсан бол одоо ардчилсан Монгол биш авлигажсан Монгол гэж үзэхээр түвшинд очлоо. Авлигал гэдэг зүйл Монголд хэвийн соёл болж хувирлаа. Шавилгалтай тэмцэх гэж байгаа бол бид үндэс сууриар нь шалтгаанаар нь энэ асуудлыг ярихгүй бол бидний уриа лоозон арай хэтэрч байгаа. Авлигыг хорт шарилж гэж үзвэл үржил шимтэй хөрс нь хэвээр, гарч ирсэн оройн хэсгийг нь хадчихаад, авлигатай тэмцэж байна гэдэг. Улс төрийн шалтгаанаар хүссэн хэдэн нөхдийг цовдолж харуулдаг, цовдлуулаагүй нь үржил шимтэй хөрсөндөө ургаж байдаг. Энэ авлигажсан тогтолцоог бий болгосон тогтолцооны нэг томоохон хэсэг нь 2017 оноос хэрэгжсэн Нууцын тухай хууль.
Н.Учрал: Би авлагын эсрэг тэмцэл дээр О.Цогтгэрэл даргатай огт улс төр хийхгүй. Танай, манай ч гэж ярих шаардлага байхгүй. Яагаад гэвэл авлигыг өөгшүүлсэн нөхөд танайд ч байна. Манайд ч байна. Энэ нөхдөөс салж, яаж урагшлах вэ гэдэг дээр хоёулаа золбоотой ажиллая. АН Засагт хамтраагүй ч авлагын эсрэг тэмцэлд хамтаръя.








