
Монголын оюутны спортын VII наадам хөшгөө хаах мөч ойртсоор байна. Сагсан бөмбөгийн тэмцээн ШУТИС-ийн спорт зааланд үргэлжилж байгаа юм. 04-р сарын 20-26-ны өдрүүдэд эрэгтэй багуудын тоглолт Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, эмэгтэй багуудын тоглолт “Аврагч” Биеийн Тамир, Техник, Спортын Хорооны спорт заалнуудад тус тус зохион байгуулагдаж байна.
Нийт 22 их, дээд сургуулийн 386 эрэгтэй, эмэгтэй тамирчид тус тэмцээнд оролцож буй. Ингээд тус тэмцээнийг зорин очиж, “Этүгэн” их сургуулийн ахлах дасгалжуулагч, МУГД О.Баярцогттой цөөн хором ярилцсанаа хүргэе.

МУГД О.Баярцогт: Сайн тамирчин бэлтгэхээр зорьж буй багш, дасгалжуулагч нараа чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна
-“Этүгэн” их сургуулийн баг тамирчид Оюутны спортын наадамд оролцсоноос хойш эрэгтэй, эмэгтэй 2 баг хоёулаа түрүүлж байсан. Харин эрэгтэй баг өмнөх жил оюутны наадамд түрүүлсэн байгаа.
Энэ удаад бас аваргаа хамгаалах зорилготой оролцож байна. Манай багийн бүрэлдэхүүний хувьд Үндэсний дээд лигийн тоглогч нар нэмэгдэж орж ирж байгаа. Өнөөдөр өглөө Э.Энх-Амар маань Азийн элсний наадамд оролцохоор Саньяаг зорьсон.
Тэгээд Б.Барсболд, С.Биндэрьяа хоёр баг дээрээ нэмэгдэж орж ирнэ. Ер нь бол аваргаа хамгаалахын төлөө явна аа л гэж бодож байгаа. Мэдээж багууд дээд лигт тоглож байгаа тамирчдаа оруулж ирээд, өрсөлдөөний хувьд нэлээн хүчтэй тэмцээн болж байна.
Хамгийн гол өрсөлдөөн оюутан тамирчдын ур чадварыг сайжруулж байгаа тэмцээн бол оюутны лиг байгаа. Оюутны лигээсээ өрсөлдөөнүүд гарч ирж, цаашлаад 2 жил тутамд нэг удаа зохиогддог Оюутны спортын наадамдаа өрсөлддөг.
Манай сургуулийн хувьд өмнө нь голдуу сагсан бөмбөгийн төрлөөр өрсөлддөг байсан бол энэ жилээс волейбол, гандбол гээд л бусад багийн төрлүүддээ сургуулиасаа шигшиж, сайн баг тамирчдаа оролцуулдаг болж байна. Ингэснээр арай илүү төлөвлөгөөтэй, том дүр зургаар харж оюутан тамирчдаа бэлтгэж байгааг дурдах нь зүйтэй.


Мөн энэ хүрээнд Монголын оюутны лиг дээр ажиллаж байгаа багш, дасгалжуулагч нарыг дунд В зэрэглэлийн сургалтад хамруулаад Монголын сагсан бөмбөгийн дасгалжуулагч нарын холбооноос хамтарч ажиллана гээд ярилцсан ажлууд бий. Мэдээж энэ чиглэлээр сургалт зохион байгуулаад, сагсан бөмбөгийн багш дасгалжуулагч нараа хамруулаад ирэхээр мэргэжлийн сагсан бөмбөгийн спортоор яг чиглэсэн мэргэжлийн үнэмлэхтэй болоод, өөрийгөө цэнэглээд ингээд яваад ирэхээр сагсан бөмбөгийн спорт маань илүү өндөр түвшинд хөгжинө.
Тэгэхээр энэ тал дээр Оюутны сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн дасгалжуулагчдын холбоо мөн орон нутгийн сагсан бөмбөгийн холбоо энэ дээр хамтарч ажиллаж эхэлж байна.
Саяхан бид нар Ховд аймагт баруун бүсийн 5 аймаг буюу Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Завхан гэсэн 5 аймгийн багш, дасгалжуулагч нарыг хамруулаад сургалтаа хийчхээд ирсэн. Одоо ер нь Өвөрхангай, Баянхонгор аймагт сургалт хийгээд, ингээд Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймагт сагсан бөмбөгийн дасгалжуулагч нарыг оролцуулсан сургалтаа өндөрлүүлж байгаа. Энэ спортын гал тогоонд чангдаж буй багш нартаа яг орчин үеийн сагсан бөмбөгийн суурь, техникүүдийг зааж сургах мөн цаашдаа Монголын сагсан бөмбөгийн багш дасгалжуулагч нар нэг системтэй, бүгд адилхан түвшинд ажиллах тийм суурийг нь тавьж заадаг босоо тогтолцоотой болохын төлөө зорьж ажиллаж байгаа.
Видео ярилцлагыг бүтэн үзэх линк:








