
Сүүлийн өдрүүдэд цахим орчинд богино хугацаанд олны анхаарлыг татаж, өргөн хүрээнд түгсэн нэгэн бичлэгийн эзэн бол Б.Тэлмэн юм. Тэрбээр дуучин Д.Намсрайноровын дуун дээр бүжиглэсэн бичлэгээрээ олон хүний анхаарлыг татсан ч өөрийнх нь хувьд ийм хэмжээний хандалт авна гэж огт төсөөлөөгүй аж.

Бичлэг цацагдсанаас хойш түүний хүрээлэлд ч жижиг боловч тод өөрчлөлтүүд ажиглагдаж эхэлжээ. Ангийн найзууд нь тоглоом шоглоомоор “нөгөө бичлэгийг чинь үзэх үү, Д.Намсрайноровын дуу сонсох уу?” хэмээн асуух болсон бол үеийнхний дунд ч тухайн дууг сонирхон сонсох хандлага нэмэгдсэн нь анзаарагдсан байна. Ер нь альфа үеийнхэн зохиолын дууг төдийлөн сонсдоггүй гэх ойлголт байдаг ч энэ тохиолдолд нэг бичлэг хөгжмийн сонсогчийн хүрээг хүртэл тэлж чаджээ.
Түүний бүжиг Squadzz crew-ийн “Beyond the Beatzz” баттлын үеэр хийгдсэн үзүүлбэр юм. Тэмцээн гурван төрлөөр өрнөсөн бөгөөд Б.Тэлмэний хувьд электро чиглэлээр, илүү эрчтэй, ширүүн хэв маягаа харуулсан байна. Гэхдээ тэр зөвхөн нэг өнгө барихыг хүсээгүй тул дунд хэсэгтээ эсрэг мэдрэмж оруулж, Д.Намсрайноровын дууг сонгосон нь үзэгчдийн анхаарлыг хамгийн их татсан шийдлүүдийн нэг болжээ.
Тайзан дээр гарахаас өмнө тэр их дөлгөөхөн, даруухан, намуухан хоолойтой хүүхэд хэдий ч бүжиг эхлэх мөчид бүх зүйл өөрчлөгдөж, хөдөлгөөн бүр нь анхаарал татаж, тайзыг бүрэн эзэмддэг өөр нэг дүр гарч ирсэн юм. Их зангүй, эелдэг хүүхэд мөртөө бүжиглэхээрээ харизм нь шууд мэдрэгддэг аж.
Б.Тэлмэний бүжигт татагдсан түүх гэр бүлийн орчноос эхтэй. Түүний төрсөн ах Б.Тэмүүлэн нь мэргэжлийн бүжгийн багш бөгөөд “Авьяаслаг Монголчууд” шоуны шилдэг наймд шалгарч байсан туршлагатай, мөн “Фокус энтертайнмент”-ийн үүсгэн байгуулагч юм. Тэлмэн багаасаа ахыгаа зурагтаар харж даган бүжиглэдэг байсан бол хожим ах, эгчийнхээ баттлд оролцож байгааг хараад өөрөө ч оролцохоор шийдсэн байна.
“Би ч бас орж үзье” гэхэд нь ах, эгч нь дэмжиж, харин хамгийн чухал нь тууштай хичээхийг зөвлөсөн нь түүний замналын эхлэл болжээ.
Тэдний гэр бүлд урлагийн хүн байдаггүй ч ах, дүү хоёр хоёулаа бүжгийн урлагт татагдан, өөр өөрийн замаар хөгжиж яваа нь онцлог. Эцэг эх нь ч хүүхдүүдийнхээ сонирхлыг дэмжиж, бэлтгэл, тэмцээний улмаас оройтох үед нь хүртэл ойлгож хүлээн авдаг аж.
Одоогоор 12 настай, Ган зам 20 дугаар сургуулийн сурагч Б.Тэлмэн 2022 онд Фокус энтертайнментад элсэхдээ сонгон шалгаруулалтад орж, багагүй сандарч байсан ч өөртөө итгэлтэйгээр оролцсон байна. Хэдийгээр ах нь тухайн байгууллагын үүсгэн байгуулагч ч түүнийг танил талын нөлөөгөөр бус, өөрийн чадвар, потенциалаар тэнцсэн гэдгийг онцолсон нь түүний хувьд илүү үнэ цэнтэй үнэлгээ болжээ.
Бүжгээс гадна тэрбээр дуу хөгжимд сонирхолтой. Дууны үгийг ах нь бичиж өгдөг бол аяыг нь өөрөө цахим орчноос хайж олдог байна. Ирээдүйд бүжиг, дуу хоёрыг сонирхлоороо хөгжүүлэхийн зэрэгцээ мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж, IT инженер болох зорилготой гэдгээ ч илэрхийлсэн юм.
М.Солонго








