
Аргентины хөлбөмбөгийн домог Лионель Месси Каталоны “Cornella” клубийг худалдан авчээ.
“Ballon d’Or”-н 8 удаагийн эзэн Мессигийн худалдаж авсан “Cornella” клуб нь Испанийн хөлбөмбөгийн лигийн 5 дахь дивизионд тоглодог клуб юм. “Cornella” клубийг худалдаж авснаараа Месси Каталонд хөлбөмбөгийн спортыг хөгжүүлж, чадварлаг тоглогчдыг бэлдэхээр төлөвлөжээ.
“Cornella” клубт Испанийн шигшээ багийн тоглогч Давид Райя, “Barcelona” клубийн тоглогч асан Жорди Альба нар тоглож байсан түүхтэй бөгөөд тус клубийн албан ёсны цэнгэлдэх нь 1500 хүний суудалтай аж.
“Cornella” клубийн зүгээс гаргасан мэдэгдэлдээ Мессигийн ачаар түүхийн шинэ хуудсаа нээж, үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтаа сайжруулж, цаашид өсөн дэвжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Мессигийн хувьд 13 настайдаа Испани рүү нүүж, 17 насандаа буюу 2004 оны 10-р сараас “Barcelona” клубт тоглож эхэлсэн юм. 2021 онд Францын “PSG” клуб руу шилжихээсээ өмнө Месси “Barcelona” клубийн тоглогчийн хувиар 778 тоглолтод оролцож, 672 гоол хийж, “Барселона” клубийг Аваргуудын лигийн 4 удаагийн аварга, Испанийн Ла Лигийн 10 удаагийн цомын эзэн болоход чухал хувь нэмэр оруулсан билээ.
38 настай Месси 2023 оноос АНУ-ын хөлбөмбөгийн дээд лигт “Inter Miami” клубт тоглож эхэлсэн билээ.
Мессигийн мөнхийн өрсөлдөгч Португалын хөлбөмбөгийн од Криштиану Роналду өнгөрсөн 2-р сард Испанийн 2-р дивизионы “UD Almeria” клубийн 25 хувийг худалдан авсан бол Бразилын шигшээ багийн тоглогч асан Дани Алвес өнгөрсөн 1-р сард Португалын 3-р дивизионы “São João de Ver” клубийн 50 хувийг худалдан авч, хамтран эзэмшигч нь болжээ.
Эх сурвалж: BBC








