
Монголын оюутны спортын наадам бол тамирчин залуусыг нэгтгэдэг уулзвар
Монголын Оюутны спортын VII наадмын шигшээ тэмцээнүүд үргэлжлэн явагдаж байна.
Одоогийн байдлаар медалийн эздээ тодруулсан төрлүүдийг танилцуулъя
- Гүйлтийн цана
- Чирлидинг
- Шатар
- Гандбол
- Чөлөөт бөх
- Футзал зэрэг төрлүүдийн улсын аварга баг тамирчид тодроод буй.

Харин сагсан бөмбөгийн тэмцээн энэ сарын 20-26-ны өдрүүдэд МУИС, ШУТИС-ийн спорт зааланд болж байгаа. Тэгвэл жүдо бөхийн тэмцээн 04 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд ҮБХИС дээр явагдаж байна.


Ингээд манай сурвалжлах баг футзалын тэмцээнийг зорин очиж, дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
Хүмүүнлэгийн их сургуулийн багийн тамирчин А.Сумъяабазар: Спортоор нэгдээд зогсохгүй, гоё найзуудын харилцаа өснө. Дагаад эерэг харилцаа үүсгэдэг


-Манай багийн бэлтгэл сургуулилтын хувьд ерөнхийдөө тогтмол байнга хийдэг. Багийн бүрэлдэхүүний хувьд ихэнх тамирчид маань Монголын дээд лиг болон 1 дүгээр лиг, заал, гадаад талбай хосолсон тэмцээнүүдэд тогтмол оролцдог.
Бид оюутны их наадамд оролцох зорилгоор 2-3 сарын өмнөөс бэлтгэлдээ орсон. Манай сургуулийн футзалын баг тамирчид 4 дэх удаагаа дарааллан оюутны их наадамдаа өрсөлдөж байна. Энэ жил ололт нь өмнөх жилүүдэд өөрсдийн алдаагаас болж хэсгээсээ гардаггүй байснаа ахиулж, шөвгийн 4-т шалгаран өрсөлдөж буйдаа баяртай байгаа. Манай багийн дасгалжуулагчаар ХИС-ийн биеийн тамирын багш Эрдэнэбат багш маань ажилладаг.
Энэ наадам 2 жил нэг удаа болдог. Гэхдээ миний хувьд бас манай баг хамт олны хувьд өвлийн улиралд бид нарын оролцдог тэмцээн зогсчихдог. Бид нар бас дасгал хөдөлгөөнтэй байх, оюутнуудыг хөл бөмбөгт хайртай болгохын тулд хүйтний улиралд тогтмол зохион байгуулдаг лигийн тэмцээн хэрэгтэй гэж бодож байна.
Оюутны их наадам бол 10 жилдээ спортоор хичээллэж байсан хүүхдүүдийг нэгтгэж чаддаг. 1 дүгээр курсийн дүү нар орж ирээд л, шинэ найз нөхөдтэй, шинэ дүү нартай болж байгаад тэр нь л маш шинэлэг байна даа.
Спортоор нэгдээд зогсохгүй, гоё найзуудын харилцаа өснө. Дагаад эерэг харилцаа үүсгэдэг. Магадгүй, ганцаарддаг хүүхэд бол спортоор нэг баг болоод, найз нөхөдтэй болно. Маш олон давуу талтай спортын наадам юм.


МУИС-ийн багийн тамирчин Т.Сэргэлэн: Дунд сургуульд байхдаа спортоор хичээллэдэг байсан хүүхдүүдийг оюутан болоод үргэлжлүүлэхийг илүү дэмжиж байгаа юм шиг санагддаг
-Сэтгэгдэл маш өндөр байна. Манай баг тэмцээний өмнө 2 сар шахуу бэлтгэл хийж байгаад энэ тэмцээнд ер нь түрүүлэх зорилготой ирсэн. Тэгээд тэмцээний эхний шат буюу хэсгийн тоглолтуудад амжилттай оролцож, хэсгээсээ гараад одоо шөвгийн 4-д шалгарсан байгаа.
Манай сургууль ер нь авьяаслаг, спортлог хүүхдүүд ихтэй. Спортоор хичээллэдэг хүүхдүүдээсээ шигшээд болон үе үеийнхээ насныхаа тэмцээнд ер нь амжилт үзүүлдэг. Баг маань бэлтгэл их сайн хийсэн болохоороо ер нь бол дажгүй бүрэлдэхүүнтэй гэж би бодож байгаа.
Энэ тэмцээнийг зохион байгуулснаар оюутан залуучууд эрүүл байх, дасгал хөдөлгөөн тогтмол хийж, спортоор амьсгалах, авхаалж самбаагаа уралдуулаад өрсөлдөж байна гэдэг нь манай Монголын ирээдүй чийрэг гоё гэрэл гэгээтэй байна л гэсэн үг. Дунд сургуульд байхдаа спортоор хичээллэдэг байсан хүүхдүүдийг оюутан болоод үргэлжлүүлэхийг илүү дэмжиж байгаа юм шиг санагддаг.


МУБИС-ийн багийн тамирчин Б.Баяржавхлан: Ер нь хөлбөмбөгийн спорт их гоё. Би багаасаа л гадаа талбай болон заалны хөлбөмбөгөөр хичээллэж ирсэн дээ
-Өрсөлдөөний хувьд маш их хүнд байлаа. Люутны улсын аварга шалгаруулах гэдэг утгаар багууд маш хүчтэй орж ирж байна. Манай багийн дасгалжуулагчаар Д.Анхбаяр багш маань ажилладаг. Оюутны спортын наадам зохион байгуулалт гоё болж байна.
Энэ тэмцээнийг зохион байгуулснаар хүүхдүүдийн ур чадвар, тэсвэр тэвчээр нэмэгдэж, биеийн хөгжил нь бас сайжрах байх л гэж бодож байна. Ер нь багийн спорт маш гоё шүү дээ. Намар хичээл эхлэхээр л манай баг бэлтгэлдээ шууд орчихдог. Бид багаараа байхдаа их гоё найрсаг харилцаатай, баг хамт олонч сэтгэлгээтэй болдог.
Ер нь хөлбөмбөгийн спорт их гоё. Би багаасаа л гадаа талбай болон заалны хөлбөмбөгөөр хичээллэж ирсэн дээ.
Ярилцсанд баярлалаа.








