
IEA буюу Олон улсын эрчим хүчний агентлагийн гүйцэтгэх захирал Фатих Бироль Европын холбоо агаарын хөлгийн түлшний 6 долоо хоногийн нөөцтэй үлдсэн болохыг анхааруулжээ.
IEA энэ 7 хоногт нийтэлсэн тайландаа Европын холбоо Ойрх Дорнодоос экспортолдог байсан нийт эрчим хүчнийхээ ядаж 50 хувийг өөр эх сурвалжаас экспортолж эхлэхгүй бол ирэх 6-р сард Европын эрчим хүчний нөөц ноцтой хэмжээнд очно гэдгийг онцолжээ.
АНУ, Израилын Ираны эсрэг явуулж буй дайны улмаас Иран дэлхийн газрын тосны нийт худалдааны 1/5 нь дамжин тээвэрлэгддэг Ормузын хоолойн хөдөлгөөнийг хаагаад 6 долоо хоног гаруй хугацаа өнгөрч байна. Үүнээс болж олон улсын зах зээл дээр газрын тосны үнэ тэнгэрт хадаж, Арабын орнуудаас газрын тос импортолдог орнууд газрын тос, түлш шатахууны хомсдолд орох эрсдэлтэй тулаад байна.
IEA буюу Олон улсын эрчим хүчний агентлагийн гүйцэтгэх захирал Фатих Бироль AP-д өгсөн ярилцлагадаа газрын тосны нийлүүлэлт доголдсон хэвээр байх юм бол удахгүй агаарын тээврийн компаниуд нислэгүүдээ олноор нь цуцалж эхэлнэ гэдгийг сануулжээ.
IEA агаарын хөлгийн түлшний зах зээл нь Персийн булангийн орнуудын экспортоос өндөр хамааралтай болохыг онцолж, БНСУ, Энэтхэг, БНХАУ зэрэг орнууд ч ялгаагүй Ойрх Дорнодын түүхий газрын тосноос өндөр хамааралтайг тайландаа тусгажээ.
Европын холбоо өмнө нь агаарын хөлгийн түлшнийхээ 75 орчим хувийг Ойрх Дорнодоос импортолдог байжээ. Өнөөдөр Европын орнууд Персийн булангийн орнуудаас импортолдог байсан түлшээ өөр орнууд тэр дундаа АНУ, Нигерийн түлшээр орлуулахаар яриа хэлэлцээ хийж байгаа аж.
Сүүлийн долоо хоногуудад Америкийн агаарын хөлгийн түлшний экспорт нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа нь ч үүнтэй холбоотой байж болзошгүйг IEA онцолжээ.
Нөгөө талаас Америкийн агаарын хөлгийн түлш Европын холбоонд ойрын хугацаанд буулаа ч энэ нь Ираны дайн эхэлснээс хойш Европын холбооны нөөцөд үүссэн хомсдолыг бүрэн нөхөж чадахгүй аж.
Шинжээчид Европын холбоо Ойрх Дорнодоос экспортолдог нийт эрчим хүчнийхээ ядаж 50 гаруй хувийг өөр эх сурвалжаас экспортолж эхлэхгүй бол зарим нисэх онгоцны буудлууд түлшний хомсдолд орж, нислэгүүд цуцлагдахад хүрнэ гэж тооцоолжээ.
Агаарын тээврийн компаниуд үйл ажиллагааных нь зардлын 20-40 хувийг бүрдүүлдэг газрын тосны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор шуурхай арга хэмжээнүүд авч эхлээд байна.
Европын зах зээл дээр энэ сарын эхээр агаарын хөлгийн түлш түүхэн дээд хэмжээндээ буюу нэг тонн нь 1838 ам.доллар хүрчээ. Ираны дайн эхлэхээс өмнө нэг тонн түлш 831 ам.доллар байсан юм.
Нидерландын агаарын тээврийн KLM компани түлшний үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор ирэх сард 160 нислэгээ цуцална гэдгээ мэдэгджээ.








