
Монголын Оюутны спортын их наадам тамирчдын залгамж халаа “урсгал” юм
Дотооддоо тэмцээн уралдаан олон тооны давтамжтай зохион байгуулах нь тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэн, түвшинг ахиулж байдаг. Иймээс ч дотоодын Улсын аварга шалгаруулах тэмцээнүүд өрсөлдөөнөөр дүүрэн болдог.
Энэ ч утгаараа спортын төрлүүдэд дараагийн залгамж халаа шинэ тамирчдыг төрөн гарч ирэх үндэс суурь нь дотоодын наадмууд юм. Монголын оюутан тамрчдын хүсэн хүлээдэг том тэмцээний нэг нь спортын наадам. Монголын оюутны спортын VII наадам ид дундаа үргэлжилж байна.
Өнгөрсөн 7 хоногт футзал болон чөлөөт бөхиийн тэмцээн уралдаан болж, медалийн эздээ тодрууллаа. Чөлөөт бөхийн тэмцээн явагдаж байх үеэр манай сайтын сурвалжлах баг Спортын төв ордныг зорин очлоо.

Ингээд бөхийн спортынхоо гал тогоонд олон жил чанагдаж, Улсынхаа нэрийг тиив, дэлхий, олимпын дэвжээнд дуурсгаж яваа шилдэг тамирчдыг бэлтгэн төрүүлж яваа Үндэсний биеийн тамирын их сургуулийн чөлөөт бөхийн дасгалжуулагч Ц.Баярсайхан, “Мон Алтиус” БТДС-ийн багш, дасгалжуулагч Ц.Цогтбаяр нартай цөөн хором ярилцлаа.


“Мон Алтиус” БТДС-ийн багш, дасгалжуулагч Ц.Цогтбаяр: Шавь нарын маань амжилтууд тасрахгүй үргэлжилж буйд баяртай байна


-“Алдар” спорт хороонд байх үед оюутнууд маань их, дээд сургуулиудад өөр өөр сонирхлоор сурдаг байлаа шүү дээ. Одоо “Мон Алтиус” БТДС дээр дасгалжуулагчаар ажилласнаас хойш дэлхийн аваргаас манай Т.Энхжин маань хүрэл медаль 2025 онд авлаа шүү дээ. Тэгээд Азийн аваргаас 2 мөнгөн медаль авлаа. Одоо энэ Батбилгүүн байна, мөн Төв аймгийн Энхбаяр багшийн шавь Батмагнай байна. Одгэрэл, Дэмчигдорж байна. Манай Г.Мандахнарын шавь гээд л ингээд эд нар маань бүгд л оюутны спортын наадмаар дамжсан тамирчид. Шавь нарын маань амжилтууд тасрахгүй үргэлжилж, мөн дараагийн залгамж халаа шилдэг тамирчдыг бэлтгэн төрүүлж яваадаа баяртай л явдаг даа.
Бүх их, дээд сургуулиуд мөн биеийн тамирын их, дээд сургуулиуд сургуулийнхаа аварга шалгаруулах тэмцээнийг хийж байгаа шүү дээ. Манай сургууль гэхэд л сургуулийн аваргаа хийгээд тэндээс түрүүлсэн тамирчдаа тэмцээнүүддээ оролцуулж байгаа учраас дандаа шилдгүүд Оюутны спортын VII наадамд өрсөлдөж байгаа.
Мэдээж, оюутны улсын аварга шалгаруулах тэмцээн гэдэг утгаараа даацтай болдог. Тэгээд ч чөлөөт бөхийн төрөл маань олимпын төрөл учраас өрсөлдөөн ширүүхэн явагддаг. Энэ наадамд барилдаж буй оюутнуудаас 7-8 тамирчин чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн гишүүд шүү дээ.
Одоо энд оролцож буй тамирчдын дийлэнх нь 2 жил тутамд болдог тэмцээнд өрсөлдөхдөө шинэчлэгддэг л дээ. Зарим нь сургуулиа өгсөөд явчихдаг, дараагийн шинэ залгамж халаа ирдэг. Шинэ залуу тамирчдаа багш нар бид бэлтгэдэг. Ингээд л байнгын эргэлтэд байдаг спортын тамирчдаа тасралтгүй бэлтгэдэг “Урсгал” гэх үү дээ.
Жишээ нь өнгөрсөн жил шинээр элсэж ирсэн оюутнууд 2 дугаар курстээ гэхэд энэ тэмцээндээ орж чадаж байна. Ингээд 4 дүгээр курстээ оюутны наадамдаа оролцоход бүр илүү туршлагатай болж орж ирнэ. Тэгж байтал дахиад 1 дүгээр курсийн оюутнууд орж ирнэ. Тэд нар дахиад л ингээд бэлтгэгдээд тэмцээндээ оролцоно. Энэ урсгал ерөнхийдөө тасрахгүй.
Монголын оюутны улсын аварга шалгаруулах тэмцээний тамирчдын нөөц бол ердөө тасрахгүй үргэлжилнэ гэж би 100% итгэж байна.
Ярилцсанд баярлалаа.


Үндэсний биеийн тамирын их сургуулийн чөлөөт бөхийн дасгалжуулагч Ц.Баярсайхан: Өөрийгөө алхам тутамд л хөгжүүлж байх нь дасгалжуулагч бидний үүрэг, хариуцлагын гол асуудал
-Монголын Оюутны спортын VII наадмын чөлөөт бөхийн тэмцээн маш өрсөлдөөнтэй болж байна. Энэ жилийн хувьд бид Бразил улсад тулааны спортын төрлүүдийн Азийн наадам болно. Уг наадамд манай чөлөөт бөхийн төрөл багтсан байгаа.
Ер нь дотооддоо иийм том хэмжээний өрсөлдөөн их байх тусам оюутан залуусын барилдааны арга барил улам бүр сайжирч байдаг сайн талтай. Энэ жил 2026 онд Үндэсний биеийн тамирын их сургууль үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ой тохиож буй. Ойн хүрээнд оюутан залуучуудын тэмцээнийг бас зохион байгуулсан. Тэр тэмцээнээс шалгарсан шилдэг тамирчид Оюутны спортын VII наадамд оролцож байна. Ингээд энэхүү наадмаас шилдгээр тодорсон тамирчдаас ирэх 6 дугаар сард Бразил улсад болох тус тулааны спортын наадамд оролцуулахаар зорьж байгаа.
Ер нь манай энэ оюутан тамирчид ҮШБ-ийн чухал нөөц тамирчид гэж явдаг. Яагаад гэвэл нас нь 18-25 настай залуус бий. Оюутны наадамд их, дээд сургуульд суралцдаг 25-аас доош насны тамирчид өрсөлддөг. Биеийн тамир, спортын их, дээд сургуулиуд спортын чиглэлээр мэргэжлийн түвшний тамирчныг бэлтгэдэг. Мөн бусад их, дээд сургуулиудад ч доороос гарч ирж буй сайн тамирчид бий.
Оюутны их наадам олимпын жингээр буюу эрэгтэй, эмэгтэй тус бүр 6 жингээр тэмцээнийг явуулж байгаа нь давуу талтай. Манай оюутан тамирчид 2000 оноос хойш маш өндөр амжилт үзүүлж байгаа. Дэлхийн оюутны универсиад наадамд ч тогтмол Монголын залуу бөхчүүд оролцдог. Харин тус наадмыг зохион байгуулдаг эзэн орны зүгээс тулааны спортуудаас цөөн төрөл оруулах ч юмуу тийм байдлаар чөлөөт бөхийн төрөл зарим наадамд багтаагүй байдаг.
Мэдээж, сайн багшаас сайн шавь төрнө. Дасгалжуулагч бол байнга л өөрийгөө хөгжүүлж байх ёстой. Тэр тусмаа оюутантай ажиллаж байгаа дасгалжуулагч бол эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр суралцаж, мэдлэг мэдээллээ тэлж, энэ чиглэлээр эрдмийн ажил хамгаалах ёстой.
Ажиллах ур чадвар, мэдлэг, түвшний хувьд ч олон улстайгаа уялдаж, өөрийгөө алхам тутамд л хөгжүүлж байх нь дасгалжуулагч бидний үүрэг, хариуцлагын гол асуудал.
Ярилцсанд баярлалаа.








