
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн шинэ сайд Ц.Сандаг-Очир ажлаа авсан даруйдаа хамгийн түрүүнд гаргасан шийдвэр нь Нийслэлээс хэрэгжүүлж буй Туулын хурдны замын ажлыг түр зогсоосон.
Өнөөдөр Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдааны эхэнд “Туулын хурдны зам” төслийн эдийн засгийн үр ашиг, техник эдийн засгийн үндэслэл, төсөвт өртөгтэй холбоотой асуудлыг шалган судлах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм.
Байнгын хорооны дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн хуралдаанаар “Туулын хурдны зам” төслийн эдийн засгийн үр ашиг, техник эдийн засгийн үндэслэл, төсөвт өртөг, санхүүжилтийн эх үүсвэр, төсөвт үзүүлэх нөлөөлөл, гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын талаар мэдээлэл сонссонтой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Р.Батболдоос дээрх асуудлыг нарийвчлан судалж, холбогдох санал, дүгнэлт гаргах зорилгоор Төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж ажиллах хүсэлтийг гаргасан байна.
Ингээд ““Туулын хурдны зам” төслийн эдийн засгийн үр ашиг, техник эдийн засгийн үндэслэл, төсөвт өртөгтэй холбоотой асуудлыг шалган судлах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахыг дэмжье” гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 47.2 хувь нь дэмжив.
Өөрөөр хэлбэл, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг асуудлаар ажлын хэсэг байгуулах шаардлагагүй гэж үзлээ.
Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ж.Батсуурь, Г.Ганбаатар, Д.Цогтбаатар, Б.Мөнхсоёл нар ажлын хэсэг байгуулах санал хураалтыг дахин явуулах горимын саналтай байлаа. Байнгын хорооны дарга Н.Наранбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд ийм асуудлаар горимын саналаар санал хураалт явуулахгүй гэж заасныг мэдэгдлээ.
Ингэснээр Туулын хурдны замын төсөл дээр шалган судлах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах боломжгүй боллоо.








