
Өчигдөр буюу 2026.04.14-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Л.Бямбасүрэн нарын 12 хүнд холбогдох хэргийг хэлэлцлээ.
Шүүхээс Л.Бямбасүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4.3 дахь хэсэгт заасан “…улстөрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд их хэмжээний хахууль авах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тооцож,
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.2.2.3 дахь хэсэгт зааснаар албан тушаалтан албан чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж, энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг 5 жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэргийн улмаас олсон мөнгө орлого гэдгийг мэдсээр байж хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор шилжүүлсэн, түүний эх үүсвэрийг нуун дадалж мөнгө угаасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцжээ.
Иймд, шүүхээс Л.Бямбасүрэнгийн нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, 12 жилийн хугацаагаар хорих ял, мөнгө угаасан гэмт хэрэгт 1 жилийн хорих ял гээд нийт 13 жилийн хорих ял оноосон юм.
Олон нийтийн дунд Л.Бямбасүрэн шүүхээс оноосон ялын талаар цахим сүлжээнд хэлэлцүүлэг өрнөж 48 сая төгрөгийн хахууль аваад насаараар нийтийн албанд томилогдох эрхийг хасч, 13 жилийн хорих ял оноож болдог юм бол саяхан суллагдсан Эрдэнэс тавантолгойн захирал Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарыг албан тушаалаа урвуулан ашигласан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, мөнгө угаасан, авлига авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрээр 2-4 жилийн ял оноож, , нийтийн албанд томилогдох эрхийг нь 7 жилээр хасч, арав орчим тэрбум төгрөг хураасан байдаг. Энэ “Ариун явдал” уу гэж асуух иргэд олон байна.
Өөрөөр хэлбэл,
Л.Бямбасүрэнгийн хэрэгт яригдаж буй мөнгөн дүн 50 орчим сая төгрөг.
Гэтэл сүүлийн жилүүдэд олон нийтийг цочроосон нүүрсний хэргүүдэд нэр холбогдсон хүмүүсийн хувьд:
- Хэдэн тэрбум төгрөгийн асуудал сөхөгдөж,
- Хөрөнгө хураагдсан ч,
- Хорих ял харьцангуй бага хугацаанд шийдэгдсэн.
Эндээс гарч ирэх энгийн логикийг харуулья:
- 48 сая = 13 жил,
- Олон тэрбум төгрөг = 2-4 жил
Хэрэв энэ үнэн бол Монголын шүүхийн “жин” мөнгөний хэмжээнээс бус, өөр зүйлээс хамаарч байна гэсэн үг.
Хэргүүдийг хооронд нь харьцуулж ярьдаггүй. Болохгүй. Гэхдээ шүүхийн хамгийн чухал зарчим бол ижил хэрэгт ижил шийтгэл оноох учиртай. Гэвч бодит байдал дээр нэг хэрэг дээр дээд хэмжээний ял, нөгөө дээр нь доод хэмжээний ял оноогдож байгаа нь шүүхийн жишиг алдагдсаныг харуулж байна.
Иргэдийн бухимдал ч үүнээс үүдэлтэй. Тэд “хэнийг шүүх вэ” гэдгээс хамаарч ял өөрчлөгддөг гэж хардаж, шүүхэд итгэх итгэл алдагдаж байна.
Шүүхийн шийдвэр бүр зөвхөн нэг хүний хувь заяаг бус, төрд итгэх итгэлийг шийдэж байдаг.
Ойрын хугацаанд улс төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой хэргүүд шүүхийн шатанд шилжинэ. Энэ үед Шүүх өмнөх шигээ ял оноох уу, эсвэл нэг стандартад шилжих үү гэдэг нь тодорхой болно.
Л.Бямбасүрэнд оноосон ял хуулийн хүрээнд зөв байж болно. Гэхдээ асуудлын гол нь,
- Ял оногдуулалтын харьцангуй байдал
- Шүүхийн шийдвэрийн логик зөрүү
- Олон нийтийн итгэлийн уналт юм.
Хэрэв 50 сая төгрөгийн хэрэгт 13 жил өгдөг бол, тэрбумын хэргүүдэд ямар ял оноох ёстой вэ?









ийм ариун явдлууд зөндөө байгаа. үнэнээ хэлээд хэрэг наймалцаагүй юм байлгүй дээ. 40 саяар Батзориг гишүүн шиг гараад ирэхгүй. сониноос тогтохсүрэнгийн хувь заяа яах бол??? ариун явдлаар явбал бараг тэндээ чадхийхийн биш үү?