
Колумбын эрх баригчид сүүлийн жилүүдэд тоо толгой нь огцом нэмэгдэж, тосгон сууринууд, бусад араатан амьтдад аюул заналхийлж эхэлсэн усны үхрүүдийн тоо толгойг бууруулах төлөвлөгөөг баталжээ.
Колумбын Байгаль орчны сайд Айрин Велезийн хэлснээр өмнөх засгийн газрууд усны үхрүүдийн тоо толгойг бууруулахын тулд заримд нь үржлийг нь хязгаарлах мэс ажилбар хийж, заримыг нь амьтдын хүрээлэнд байршуулах арга хэмжээ авсан нь үр дүн муутай дээрээс нь маш өндөр зардалтай байсан аж. Түүний хэлснээр энэ удаад эрх баригчид 80 хүртэлх тооны усны үхрийг нядлахаар төлөвлөжээ.
Колумб нь Африк тивээс гадна усны үхэр амьдардаг цорын ганц улс юм. Тус улсад өнөөдөр амьдарч буй усны үхрүүд нь 1980-аад хар тамхины алдарт наймаачин Пабло Эскобарын өөрийн хувийн амьтны хүрээлэндээ өсгөхөөр авчирсан 4 усны үхрийн үр сад юм.
Колумбын их сургууль 2022 онд тус улсад 170 орчим усны үхэр чөлөөтэй амьдарч байгааг тогтоож байсан бол өнөөдөр олон тооны усны үхрүүд Пабло Эскобарын хувийн эдлэн байсан газраас хойшоо 100 гаруй км зайд ажиглагдах болжээ.
Усны үхрүүд тосгод сууринуудын ойр байрлах гол усанд амьдарч, томчууд хүүхдүүдийг айлгаж, өөр бусад ан амьтад усны үхрүүдэд амьдрах орчин, хоол хүнсээ алдсаар байна.
Сүүлийн 12 жилд Колумбын гурван ч ерөнхийлөгчийн засаг захиргаа усны үхрүүдийн тоо толгойг бууруулах оролдлого хийсэн ч үр дүнд хүрээгүй байна. Колумбийн усны үхрүүд янз бүрийн өвчин эмгэгтэй байж болзошгүй тул усны үхрүүдийг төрөлх нутаг Африк руу нь ч буцаах боломжгүй аж.








