
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын тушаалаар Вашингтоны цагаар даваа гарагийн өглөө 10 цагаас эхлэн Ираны далайн боомтуудыг бүслэлтэд оруулж буйгаа мэдэгджээ.
Америкийн төрийн тэргүүний хэлснээр Вашингтоноос тогтоосон бүслэлт нь Ираны далайн боомтуудаас гарч байгаа болон тэдгээр боомтууд руу зорчиж буй хөлөг онгоцнуудад үйлчлэх аж.
АНУ-ын зэвсэгт хүчний жанжин штабаас бүслэлт нь Оманы булан, Ормузын хоолойноос зүүн зүгт байрлах Арабын тэнгисээр зорчиж буй бүх хөлөг онгоцнуудад хамаатай хэмээн мэдэгджээ. Тус мэдэгдэлд бүслэлтэд хамаарах бүс рүү зөвшөөрөлгүй орж эсвэл гарч байгаа ямар ч хөлөг онгоцыг АНУ-ын зэвсэгт хүчнийхэн зогсоож, чиглэлийг нь өөрчилж, эсвэл булаан эзлэх эрхтэй болж байгаа аж. Түүнчлэн заасан бүсээс өөр бүсэд зорчиж буй, Ирантай холбоогүй хөлөг онгоцнууд нь хориотой бараа бүтээгдэхүүн тээвэрлэсэн эсэхийг шалгах үүднээс тэдгээрт нэгжлэг хийж болзошгүй гэжээ.
Ойрх Дорнод дахь АНУ-ын зэвсэгт хүчний жанжин штабынхан Ираны боомтуудаас гарч байгаа хөлөг онгоцнуудыг хиймэл дагуулаас авсан зураг болон тагнуулын бусад мэдээллийн дагуу илрүүлж, хэний эзэмшлийн хөлөг онгоцнууд болохыг олж тогтоох аж. Хөлөг онгоцнуудын автоматаар таниулах систем унтраастай байсан ч АНУ-ын байлдааны хөлөг онгоцнууд Ираны боомтоос гарсан хөлөг онгоцнуудыг Оманы булан руу орсон даруйд нь олж тогтоох аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нийгмийн сүлжээндээ Ираны далайн боомтууд рүү ойртохыг оролдсон Ираны байлдааны хөлөг онгоцнуудыг даруй устгана хэмээн анхааруулсан бол Иран улсын зүгээс Вашингтоны уг шийдвэрийг далайн дээрэм хэмээн тодорхойлж, Персийн булан дахь Арабын бусад улс орнуудын далайн боомтуудын эсрэг хариу арга хэмжээ авна хэмээн мэдэгджээ.
Нөгөө талаас Дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс Ираны засгийн газрыг Ормузын хоолойн хөдөлгөөнийг хааснаар эдийн засгийн терроризм үйлдэж байна хэмээн буруутгасан байна.








