
Эрчим хүчний хямралд автсан кубын ард иргэд бензин, түлшний хомсдолоос болж унадаг дугуй, цахилгаан дугуйтай хөдөлгөөнд оролцож эхлээд байгаа билээ.
Нийслэл Хавана хотод унадаг дугуй, скүүтер, мотоциклоор зорчихыг хориглодог нүхэн гарцууд байдаг учир тэдгээр тээврийн хэрэгслээр зорчигсдод зориулсан Tunnel Bus буюу Ciclobus автобусыг явж эхэлсэн байна. Ciclobus дотор унадаг дугуйтайгаа зорчиж буй Барбара Кабрал, “Ихэнх маань хотын нөгөө захад ажилладаг, тийм ч учраас уг автобусанд сууж нэг захаас нөгөө зах руу явж байна.”
Ciclonus нь Хавана хотын нийтийн тээврүүдээс хамгийн богино эргэлттэй автобус бөгөөд нийт 3 орчим км замыг 15 минутад туулдаг байна. Автобусанд унадаг дугуй эсвэл мотоциклын аль нэгэнтэй суух нь 2-5 песогийн үнэтэй аж. Үүнтэй харьцуулахад Хавана хотын зүүн захаас адил чиглэлд явдаг такси 1000 песо буюу 2 ам.доллароор явдаг аж.
Кубад жирийн ажилчин сардаа дунджаар 7000 песо буюу 14 орчим ам.долларын цалин авдаг юм.
Ciclobus нь анх 1990-ээд онд ЗХУ задарсны дараа нүүрлэсэн хямралын үед үйлчилж эхэлж байсан ба тухайн үед Фидель Кастро ард иргэддээ хятадад үйлдвэрлэсэн унадаг дугуй тарааж өгч байжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Кубад газрын тосны хориг тавьснаар өнөөдөр Кубад иргэд хэдэн долоо хоногоос хэдэн сар үргэлжлэх маш олон шат дамжлагыг дамжиж нэг тээврийн хэрэгсэлдээ дээд тал нь 20 л бензин, түлш авч байгаа билээ.
Өнөөдөр Кубын хотуудын авто замын хөдөлгөөнд голчлон унадаг дугуй, цахилгаан дугуй, мопедууд оролцож буй дүр зурагтай байна.
Мэдээллийн албан ёсны түнш: AP News








