
Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цахим хэрэглээг зөв дадал болгох зорилгоор Цагдаагийн ерөнхий газар болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтран мэдээлэл, нөлөөллийн аян зохион байгуулахаар төлөвлөж байна.
Статистик мэдээллээс үзвэл өнгөрсөн онд улсын хэмжээнд хүүхэд хохирсон 2300 орчим гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 530 орчмоор буурсан үзүүлэлттэй байна. Энэ оны эхний улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ.
Сүүлийн жилүүдэд өсвөр насныхан, ялангуяа 16-17 насны хүүхдүүдийн дунд үе тэнгийн дээрэлхэлт, дарамт шахалт, эд зүйл нэхэх, айлган сүрдүүлэх, гадуурхах зэрэг зөрчил нэмэгдэх хандлагатай байгааг цагдаагийн байгууллага онцолж байна. Ийм төрлийн үйлдлийн улмаас хохирогч хүүхдүүд сургуулиа солих, сэтгэлзүйн хямралд орох зэрэг сөрөг үр дагавартай тулгарч байгаа юм.
Энэ нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх хүрээнд “Хүүхдээ өдөр бүр хайрлаж хамгаалъя” төслийн үргэлжлэл болгон “Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяныг эхлүүлж, тавдугаар сарын 6-ныг хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ талаар ЦЕГ-ын Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан мэдээлсэн байна.
Аяны хүрээнд цахим болон бодит орчин дахь дээрэлхэлтийн бүлгүүдийг илрүүлэх, хяналт шалгалтыг эрчимжүүлэх, мөн эцэг эх, хүүхдүүдэд чиглэсэн соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах аж. Түүнчлэн бусдын хүүхдийг зодож, танхайрах зэрэг зөрчил цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байгааг анхааруулж, эцэг эхчүүдэд хариуцлагаа нэмэгдүүлэхийг уриалжээ.
2025 онд хийсэн судалгаагаар 13-17 насны хүүхдүүд цахим дээрэлхэлтэд өртөх тохиолдол түгээмэл байгаа бол 9-13 насны хүүхдүүдийн гуравны нэг нь дээрэлхэлтэд өртсөн байна. Мөн хүүхдүүдийн 90 орчим хувь нь насны шаардлага хангаагүй ч олон нийтийн сүлжээ ашиглаж байгаа нь тогтоогджээ. Түүнчлэн боловсролын байгууллагад гарч буй дээрэлхэлтийн 41.4 хувь нь цахим хэлбэрээр үйлдэгдэж байгаа аж.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны сургалт, олон нийттэй харилцах албаны дарга Б.Гүнзаяа “Хүүхдүүд дээрэлхэлтэд өртөж буйгаа эцэг эхчүүддээ хэлэхгүй байх нь асуудлыг илүү далд хэлбэрт шилжүүлж байна. Иймд цахим орчны аюулгүй хэрэглээг таниулах, урьдчилан сэргийлэх зорилгоор уг аяныг эхлүүлж байгаа” гэдгийг онцоллоо.
ШУУД:
М.СОЛОНГО








