
АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс АНУ, Иран хоорондын яриа хэлэлцээ ням гарагийн өглөө талууд зөвшилцөлд хүрэлгүйгээр дууссаныг мэдэгджээ. Түүний хэлснээр АНУ Иранд цөмийн зэвсэг үйлдвэрлэхгүй байх нөхцөл тавьсныг Тегеран зөвшөөрөөгүй аж.
АНУ-ын тусгай төлөөлөгч Стив Уиткофф, Жаред Кушнер нарын хамт хийсэн мэдэгдэлдээ 21 цаг үргэлжилсэн уг уулзалтын турш Дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай байнгын холбоотой байсан тухайгаа онцолжээ. Тэрээр, “Бидэнд Ираны тал цөмийн зэвсэгтэй болохыг, богино хугацаанд цөмийн зэвсэг бүтээхэд туслах хэрэгсэлтэй болохыг эрмэлзэхгүй гэсэн баталгаа хэрэгтэй байна. Энэ бол АНУ-ын Ерөнхийлөгчийн гол зорилго юм. Бид энэ уулзалтаар уг зорилгыг нь биелүүлэхийг оролдлоо.” хэмээн ярьжээ.
Өнгөрсөн 21 цагийн дотор Дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс Ерөнхийлөгч Д.Трамп болон Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Сангийн сайд Скотт Бессент, АНУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын тэргүүн Брэд Купер нартай 10 гаруй удаа ярьсан гэжээ.
Тэрээр, “Бид ойлголцолд хүрэхэд туслах маш энгийн санал тавиад буцаж байна. Энэ бол бидний тавих эцсийн бөгөөд хамгийн сайн санал. Иранчууд үүнийг хүлээж авах эсэхийг харж л байя.” хэмээн мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иранд үзүүлэх цохилтуудаа 2 долоо хоног зогсоох шийдвэр гаргасан билээ. Ерөнхийлөгч Д.Трампын заасан хугацаа дууссаны дараа юу болох нь тодорхойгүй байна.
АНУ, Израил хоёр Иранд цохилт үзүүлж эхэлснээс хойш олон улсын зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдэж, улс орнууд эрчим хүчний хямралд орж, хэмнэлтийн горимд шилжээд байгаа билээ.
Мэдээллийн албан ёсны түнш: AP News








