
Грект “патса”, Туркт “ишкембе” нэрээрээ танигдсан гүзээний шөлийг тойрсон маргаан Турк, Грек хоёр улсын хооронд үүсжээ.
Грекийн Салоники хотод гүзээний шөлөөр дагнасан зоогийн газар ажиллуулдаг Димитрис Царухас НҮБ-ын боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага ЮНЕСКО-д Хомерын “Одиссей” туульд дурдагдсан байдаг уламжлалт гүзээний шөл “патса”-гаа грекийн соёлын өвөөр бүртгүүлэх хүсэлтээ өгсөн нь хөрш Турк улсын бухимдлыг төрүүлжээ.
Associated Press агентлагт өгсөн ярилцлагадаа Д.Царухас хотын захиргаа болон гүзээний шөлний гарал үүсэл, түүхийн талаар цорын ганц байгаа номыг бичсэн Лена Офлидис зохиолчийн тусламжтайгаар ЮНЕСКО-д патсаг Грекийн соёлын өвөөр бүртгүүлэхээр олон тооны баримт бичгийг бүрдүүлж өгсөн болохоо ярьжээ.
Үхрийн гүзээ болон шийрээс гаргаж авсан шөл нь ходоодны шарх зэргээс авхуулаад олон төрлийн өвчин эмгэгт сайн гэж яригддаг бөгөөд хүний хөл тасардаггүй Д.Царухасын зоогийн газар өглөөний цагаар өндөр ачаалалтай байдаг нь энэ үед зоогийн газар нь шараа тайлахаар ирсэн үйлчлүүлэгчдээр дүүрдэгтэй холбоотой аж.
Д.Царухасын хэлснээр Хомерын “Одиссей” туульд Одиссейн гэргий Пенелопа нөхрийгөө олон жилийн дараа гэртээ ирэхэд нь уг зоогийг бэлтгэж байсныг дүрсэлсэн байдаг аж. Туульд Пенелопа үхрийн гүзээнд өөх болон цус хийж чанасан нь гарцаагүй патса хэмээн Д.Царухас үзэж байгаа аж.
Үүнтэй холбоотойгоор Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд Грекийг Туркийн уламжлалт хоолыг өөрийн улсын соёл мэт ярьж байгааг буруушаасан нийтлэлүүд гарчээ.
Туркууд гүзээний шөлийг мөн л шараа тайлах зорилгоор уудаг ба Туркийн Onedio мэдээллийн агентлаг 7-р зууны аялагч Эвлия Челеби “Аяллын ном”-доо Истанбул хотын гудамжны мухлагууд гүзээ болон үхрийн шийрнээс гаргасан шөл зарж байсан тухай дурдсан байдгийг онцолжээ.
Грек, Турк хоёр улс олон зуун жилийн турш дайсагнаж ирсэн ч хоёр улсын хоол хүнс, хөгжим, соёл уламжлалууд нь хоорондоо ижил төстэй байх нь элбэг.
Аль аль оронд нь иргэд гүзээний шөлөөр шараа тайлдаг ба гүзээний шөл бэлтгэн гаргадаг зоогийн газар, мухлагууд нь өдөр шөнөгүй ажилладаг байна.
Хоёр улсын уламжлалт гүзээний шөлөнд хоёуланд нь саримс ордог бол грекууд шөлөндөө гахайн шийр хийдэг, харин туркууд зөвхөн үхрийн гүзээ ашигладаг аж.
Истанбул хотын Кизилтопракт гүзээний шөлөөрөө алдартай Alem Iskembe зоогийн газар байдаг. Тус зоогийн газрын тогооч Али Отамис үүрийн 4 цагаас эхлэн цэвэрлэсэн гүзээгээ чанаж эхэлдэг ба 8-9 цаг чанасны эцэст шөлөө, хэрчсэн гүзээнийхээ хамт үйлчлүүлэгчдийнхээ ширээн дээр тавьдаг аж. Тус зоогийн газрын эзэн 59 настай Али Туркмен гүзээний шөл нь түүхэн ч тэр соёлын ч тэр талаасаа Туркээс гаралтай гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэрээр, “Грекууд баклава гээд бас бус зүйлсийг өөрсдийнх гэж нэрлэдэг. Гэхдээ гүзээний шөл бол олон зуун жилийн турш бидний өдөр тутамдаа хэрэглэж ирсэн зоог. Гүзээ бол туркуудын хүнс.” хэмээн ярьжээ.
Гүзээг өдөр тутамдаа шахуу иддэг гэх 47 настай Энгин Чакар гүзээ бол туркуудын үнэт зүйлс, соёлын салшгүй хэсэг хэмээн грекуудын ЮНЕСКО-д патсагаа соёлын өвд бүртгүүлэх оролдлого бүтэлгүйтнэ гэжээ. Түүний хэлснээр гүзээний шөл нь түүний өвөг эцэг, эмэг эхчүүдээс уламжлагдан ирсэн хоол аж.
Мэдээллийн албан ёсны түнш: AP News








