
Монгол Улсад “төрийн өмч” гэдэг ойлголтыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын төрийн мэдэлд, нийт ард түмний өмнөөс эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж байгаа эд хөрөнгө, эрхийг хэлнэ.
Өөрөөр хэлбэл, энэ нь хувь хүн, компани биш төр (ард түмнийг төлөөлөн) эзэмшдэг өмч юм.
Нэг үгээр хэлбэл “Төрийн өмч гэдэг нь Монгол Улсын ард түмний нэрийн өмнөөс төр эзэмшиж, удирдаж байгаа бүх төрлийн хөрөнгө, баялаг юм”
30 жилийн өмнөөс Монголын төр өмчөө хувьчлах эрх зүйн орчныг бий болгож, та бидний мэдэх цэнхэр, ягаан тасалбараар эхлүүлсэн байдаг ч дээр хэлсэнчлэн ард түмэнд үр өгөөжөө өгсөн нь тун бага юм.
2000-аад оноос төрийн өмчийн хувьчлалыг Нийгмийн салбарын хувьчлал хэмээх бодлого дор явуулсан нь өнөөдөр хүртэл эрх зүйн зохицуулалт нь тодорхой бус, хэрэгжилт нь маргаантай хэвээр байна. Ялангуяа эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх бодлого нь үйлчилгээний чанарыг сайжруулах зорилготой байсан ч бодит үр дүн, хяналтын механизмын талаар асуулт дагуулсаар байна. Өөрөөр хэлбэл, ард иргэдэд үр өгөөж, үйлчилгээний чанарыг үзүүлж чадсангүй.
Хувьчлалын бодлого: Чанар сайжруулах зорилготой ч…
2002 онд Улсын Их Хурлаас “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулж, нийгмийн салбарт хувьчлал хийх эрх зүйн үндсийг бүрдүүлсэн. Улмаар “Нийгмийн салбарт өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал хийх үндсэн чиглэл”-ийг баталж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг дэмжих, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилтыг дэвшүүлсэн байдаг.
Энэхүү бодлогын хүрээнд боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын олон байгууллага, үйлчилгээ хувьчлалд хамрагдах боломжтой болсон.
Хувьчлал биш, “хосолсон” хэлбэр давамгайлж байна
Гэвч Монголын онцлог нь нийгмийн салбарын хувьчлал нь бүрэн өмчлөл шилжүүлэх хэлбэрээр бус, харин үйлчилгээ гүйцэтгүүлэх, менежментийг хувийн хэвшлээр хэрэгжүүлэх хэлбэрээр явагдаж ирсэнд оршино.
Тухайлбал:
- Удирдлагын гэрээгээр хувийн компани байгууллагыг удирдана
- Гүйцэтгэлийн гэрээгээр тодорхой үйлчилгээ үзүүлнэ
- Түрээсийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулна
Эдгээр тохиолдолд төр өмчлөх эрхээ хадгалж үлддэг нь онцлог юм.
Төр зарим чухал байгууллагыг хувьчлахгүй байхаар хуульчилсан.
Үүнд:
- Их, дээд сургуулиуд
- Үндэсний театр, музей
- Түүх, соёлын өв
- Халдварт өвчний эмнэлгүүд зэрэг нийгмийн суурь үйлчилгээ багтаж байна.
Шинэ хууль, хуучин асуудал
2022 онд батлагдсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль” нь төрийн үйлчилгээний салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой. Гэвч энэ хууль хэрэгжиж эхэлснээр өмнөх зохицуулалттай давхцах, ялгаа зааг нь тодорхойгүй болох асуудал үүссэн гэж судлаачид үзэж байна.
Тухайлбал, ямар нөхцөлд ямар төрлийн гэрээ байгуулах, аль загварыг сонгох талаар тодорхой шалгуур дутмаг хэвээр байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар нийгмийн салбарын хувьчлалд дараах гол асуудлууд тулгарч байна:
- Хууль эрх зүйн зохицуулалт ерөнхий, тодорхой бус
- Хяналт, үнэлгээний механизм сул
- Шалгуур үзүүлэлт тодорхойгүй
- Албан тушаалтны субъектив шийдвэр гаргах эрсдэл өндөр
Үүний улмаас нийгмийн салбар дахь хувьчлал нь бодлогын зорилгодоо хүрч байгаа эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
Монгол Улсад “төрийн өмчийн менежментийн хувьчлал” гэдэг ойлголт нь шууд нэр томьёо хэлбэрээр биш ч агуулгын хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль-д тусгагдсан байдаг.
Менежментийн хувьчлал гэдэг нь төрийн өмчит байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлага, үйл ажиллагааг тодорхой хугацаанд хувийн хэвшилд гэрээгээр шилжүүлж ажиллуулах хэлбэр юм.
Өмчлөл нь төрд хэвээр үлдэнэ. Ингэхдээ байгууллага, хөрөнгө нь төрийн өмч хэвээр хэрнээ удирдлага нь хувийн хэвшилд шилждэг. Энэ нь бүрэн хувьчлал биш гэрээнд суурилан хийгддэг.
Хуулийн дагуу менежментийн хувьчлал нь өмч шилжүүлэх зорилгогүй. Гэвч практикт зарим тохиолдолд энэ нь дараагийн хувьчлалын шат болж ашиглагдсан гэх шүүмжлэл байдаг.
Манай улсад менежментийн хувьчлал хийгдсэн муу жишээнүүд хэд хэд байдаг.
Баримтууд: Нийгмийн өмч хэнд очив?
Менежментийн гэрээ, уралдаант шалгаруулалт, “үр дүнгээр хувьчлах” гэх механизмуудаар дараах байгууллагууд өнөөдөр төрийн биш болсон.
- Улсын цирк
- Хүмүүнлэгийн ухааны их сургууль
- Улаанбаатар дээд сургууль
- Хүүхэд, залуучуудын театр
- Эмийн үйлдвэрүүд
- Усан бассейн зэрэг объектуудыг нэрлэж болно.
Анхны зорилго нь менежментийг сайжруулах байсан ч эдгээр байгууллагуудын өмчлөлийн байдал өнөөдөр хэсэг хүмүүсийн хувийн өмч болж хувирсан.
Хуулийн заалт vs Бодит байдал
Хуульд:
- Менежмент сайжруулах
- Үр ашиг нэмэгдүүлэх
- Төр өмчөө хадгалах гэж заасан ч
бодит байдалд:
- Өмчлөл хувьд шилжсэн
- Зориулалт нь өөрчлөгдсөн
- Нийгмийн үйлчилгээний чанар тодорхойгүй буюу нийтийн өмч нь нийтдээ үйлчилхээ болиод бизнесийн үйлчилгээ болчихсон байгааг та бид мэднэ. Энэ нь бодлого гуйвсан уу, эсвэл зориуд ашигласан уу гэх асуултыг гаргаж байна.
Энэ хувьчлалын бодлого анхнаасаа буруу байсан уу, эсвэл хэрэгжилт нь замаасаа хазайсан уу? Өнөөдөр энэ асуулт улам хурцдаж, “менежментийн хувьчлал” гэх ойлголт өөрөө эргэлзээ дагуулсан нэр томьёо болж хувирчээ. Тиймээс Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль үндсэн зорилгодоо хүрч хэрэгжээгүй төдийгүй бүрэн шинэчлэх шаардлага хэдийн үүсээд байна.
Нийгмийн салбарын хувьчлалын бодлого цааш явах боломжгүй болсон гэдгийг судлаач, мэрггэжилтнүүд хэлсээр байна. Төрийн өмчийн хувьчлал нь бодлогын түвшинд зөв зорилго дэвшүүлсэн ч хэрэгжилтийн шатанд эрх зүйн тодорхойгүй байдал, давхардсан зохицуулалт, гэрээнд төвлөрсөн шийдвэр гаргалтын улмаас анхны утгаасаа хазайжээ.
Ялангуяа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төр-хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль болон салбарын хуулиудын уялдаа хангалтгүй байгаа нь эрх зүйн “саарал бүс”-ийг бий болгож, дур зоргын шийдвэр гаргах орон зайг нээж байна.
Ийм нөхцөлд “менежмент хувьчлал” нь үр ашиг нэмэгдүүлэх хэрэгсэл бус, харин өмчийг аажмаар хэн нэгэн, хэсэг бүлэг рүү шилжүүлэх, хяналт сул механизм болон хувирчээ.
Тиймээс цаашид хуулийг яаралтай шинэчлэх, сайжруулан боловсруулах нэн шаардлагатай байна. Эс бөгөөс Төрийн өмчийг мэдээлэлд ойрхон хэсэг бүлэг элдэв аргаар хувьдаа авч, ард иргэд, нийтийн өмч буюу баялаг хүртээлгүй үлдсээр байх юм.








