
Сүүлийн үед “махны үнэ тэнгэрт хадлаа” гэсэн яриа хаа сайгүй сонсогдох болсон учраас манай сурвалжлах баг Хүчит шонхор зах руу очлоо. Урьд нь хөл хөдөлгөөн ихтэй, лангуунууд нь бужигнаж байдаг байсан ч энэ удаад хүн цөөн, лангуун дээрхи мах багассан, худалдаачид хоорондоо ярих, хутга ирлэхээс өөр чимээ тийм ч их сонсогдсонгүй. Зарим лангуун хоосон шахуу багахан хэмжээний л мах үлдсэн байлаа.

Тэнд байх махны худалдаачид ихэнх нь бухимдуу, үнэ хэлэхээс татгалзаж, “Иргэд өөрсдийнхөө боломжид тааруулж худалдан авалтаа хийж байна, би нэмээд байгаа юм биш” гэж тайлбарлав. Харин ганц ченжтэй ярилцах боломж олдсон юм. Бохь зажилсан, ширүүн төрхтэй идэр насны эмэгтэй тэрбээр чанга дуу гаргалгүй, түргэн шуурхай ярьж байлаа. “Ихэнх махыг гадагшаа гаргасан, хотод ирж байгаа хэмжээ бага. Иргэд авах нь ховор болсон, бараг махгүй шахуу гэхдээ муу хэлээд байдаг ченжүүд чинь л одоо махтай байлгаж байна шүү дээ.” гэж тэр хэлэв. Иргэд махны үнийг сонсоод л уулга алдчихаад, бага багаар авч, зарим нь өөр лангууг зориж, зарим нь юу авах вэ гэж бодсоор хоцорч байлаа.
Алтжин Бөмбөгөр худалдааны төв дээр ч ялгаагүй дүр зураг ажиглагдав. Мах 30-33 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж, лангуун дээр багахан мах үлдсэн ч худалдан авагчдын урсгал сул байлаа. Малчдын шууд борлуулалтын цэгүүд ч ялгаагүй 17-33 мянган төгрөгийн хооронд, мах хомсдоод эсвэл цаанаасаа үнэтэй ирсэн зүйл биш, “зүгээр л зарим нэг борлуулагчдын шунал” гэж зарим махны худалдаачид тайлбарлав.


Урьд нь өдөр тутмын хэрэглээ байсан мах одоо бараг олдохгүй шахуу. Иргэд авах нь ховор, зарим нь багахан авч, зарим нь бүр авч чадахгүйд ч хүрнэ. Лангуун дээр мах байгаа ч хүний хөл цөөн, зарим нь хэцүүхэн царай гаргаж, зарим нь яаралгүйхэн холдож байлаа. Өдөр тутмын хэрэглээний гол зүйл болох мах мөдхөн “тансаг” хэрэглээний жагсаалтад орох эрсдэл үүсэж байна.
Манай улсын малын тоо хангалттай буюу өнгөрсөн оны урьдчилсан тоогоор 58.1 сая толгой мал тоологдсон бөгөөд өмнөх оноос 0.8 хувиар буюу 445 мянган толгойгоор өссөн. Гэвч гурван сая гаруй хүн амтай, 1.2 сая иргэнтэй нийслэлд эдгээр тоо толгой хотын иргэдэд хүрэлцэхгүй байна уу? Тэд үнийн дүнд нөлөөлж, хий хөөрөгдөл үүсгээд байна уу, шатахууны үнэ нөлөөлж ийм байдалд хүрэв үү? Бид юун дээр алдав.
Манай улсад хүнсний гаралтай өсөлт дийлэнх хувийг эзэлдэг байна. Үүнийг тогтворжуулах арга нь хөдөө аж ахуйн гаралтай гурил, мах, тогтвортой нийлүүлэгдэх юм бол үнийн өсөлт тогтвортой болж, тариалалт, өвөлжилт хэвийн байх зэрэг нь үүнд нөлөөлөх хүчин зүйл болно. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт тогтвортой байж хүнсний гаралтай өсөлтөөс айх айдасгүй болно хэмээн эдийн засагч Б.Энхбаяр хэлсэн юм.


Жишээлбэл бэлчээр дээр байгаа малыг хот руу тээвэрлэх, нядлах, боловсруулж багцлах, цэвэрлэх, хуйхлах гэх мэт олон шат дамжлага бий. Эцэст нь кг нь 20-30 мянгад хүрч, нэг амьд мал авах мөнгөөр хэдхэн килограмм мах л авч болохуйц нөхцөл үүсдэг. Бэлчээр дээр 1 кг мах 10-15 мянга байж болох ч хотод ирэхэд үнийг нэмдэг шат дамжлага нь нэг амьд хонь авах мөнгөөр долоо орчим килограмм мах авах байдалд хүргэж байна.
Махны хэмжээ багассан, худалдан авагчдын тоо цөөрсөн, өдөр тутмын хэрэглээ хэцүү нөхцөлд орсон нь зөвхөн үнэ өссөнөөс биш, логистикийн асуудал, нийлүүлэлтийн сул байдлаас үүдэлтэй. Нийслэл хотод амьдардаг иргэдийн өдөр тутмын амьдрал өдгөө багахан худалдан авалт, өндөр үнэ, хомсдлын дунд эргэлдэж байна.


М.Солонго







