
МУГТ Т.Тулга: Чөлөөт бөхийн спорт бол “Талархал” юм
Спортын багш, дасгалжуулагч нар ярьдаг. Бүх хүүхэд тамирчин болох албагүй. Харин спорт, нийтийн биеийн тамираар хичээллэж байх нь тэднийг эрүүл, эерэг хүн болж төлөвшихөд чухал нөлөөтэй гэж…
Монголчууд ярьдагчлан 99 хувийн хөдөлмөр, ганцхан хувийн авьяас хэмээсэн нь үндэслэлтэй ч юм шиг. Спортын хууль хатуу, басхүү маш чанга дүрэмтэй тоглоом. Гагцхүү энэ тоглоомд авьяастай, төрөхөөс өгөгдөлтэй хүн л тунаж үлддэг болов уу. Авьяасаа хөдөлмөрөөрөө өнгөлж, ид торгон ирэн дээрээ шуугиулж яваа олон арван залуус Монгол Улсын нэрийг тив, дэлхийд дуурсгаж яваа.
Тэдний нэгэн тод өнгө, ирээдүйд томоор гэрэлтэх залуу үеийн төлөөлөл бөхийн чөлөөт барилдааны насанд хүрэгчдийн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн наадмын аварга, МУГТ Төмөр-Очирын Тулгыг “Оргилд хүрэх зам” нэвтрүүлгийнхээ шинэхэн хойморт урьсан юм.

-Сайн байна уу? Азийн АШТ-нийг зорихын өмнөхөн “Оргилд хүрэх зам” нэвтрүүлгийн урилгыг хүлээн авсанд юуны өмнө талархал илэрхийлье.
Бөхийн чөлөөт барилдааны Азийн АШТ-нд өрсөлдөхөөр хэзээ эх орноосоо зорих гэж байна вэ?
-Сайн сайн байна уу. Нэвтрүүлэгтээ урин оролцуулсанд талархаж байна. Чөлөөт бөхийн Азийн АШТ-д өрсөлдөхөөр 04 дүгээр сарын 07-ны өдөр Киргизстаны Бишкекийг зорино.
-Азийн АШТ-ий бэлтгэл сургуулилт ямар байна вэ?
-Тивийн аваргад өрсөлдөх бэлтгэл сайн байна. Миний хувьд Ташкентийн лигийн тэмцээнд амжилттай оролцож, ялалт байгуулаад хэдхэн хоногийн өмнө ирээд, цугларалтан дээрээ бэлтгэлдээ гарлаа.
Энэ удаад чөлөөт бөхийн Үндэсний шигшээ баг дээр Япон дасгалжуулагч зөвлөн ажилласан.



Т.Тулга: Чөлөөт бөхийн лигийн тэмцээнд уригдан оролцоно гэдэг нь нэр төрийн хэрэг
-Он гарснаас хойш тун завгүй хэмнэлтэй харагдсан. Лигийн тэмцээнүүдэд нэлээн оролцлоо?
-2026 он гарснаас хойш маш завгүй байсаар 4 сартай золгосон. Эхлээд насанд хүрэгчдийн Монгол Улсын АШТ-д оролцож, 1 сард Энэтхэгийн лигт уригдан барилдаад, тэнд 25 хоног байсан.
2 сард “Супер 4” гээд жин жингийн шилдгүүдийн өрсөлдсөн барилдаанд Киргизэд очиж оролцсон. Тэндээсээ шигшээ багийн бэлтгэл рүү Япон руу шууд нисэж очсон.
Өнгөрсөн 7 хоногт Ташкетэнд мэргэжлийн бөхийн лигт барилдаж, ялалт байгуулаад ирлээ.
-Лигийн тэмцээнд уригдана гэдэг нь сайхан хэрэг. Тамирчны хувьд ч том туршлага, ур чадвараа дээшлүүлэх гол сорилт болж өгдөг сайн талтай?
-Тийм. 2024 оны циклээс хойшоо лигийн барилдаануудад тогтмол сайхан оролцож байна. Лигийн барилдаанд уригдана гэдэг нь нэр төрийн хэрэг. Лигийн дэвжээнд уригдаад, дэлхийн томчуудтай сайхан гар зөрүүлээд, барилдаад яваад байгаа нь үндсэн суурь бэлтгэлд сайнаар нөлөөлж байгаа.


Өсвөр үеийн Ази тивийн аварга болчхоод тантай ярилцаж байлаа
Харин одоо 11 жилийн дараа дахин ярилцаж байгаадаа баяртай байна
-Ази тивийн аваргын өнгийг хэрхэн тодорхойлж байна вэ?
-Тивийн аваргын өнгийг миний хувьд зорьж буй зорилго бол их сайхан дээшээ үзнэ гэж бодож байгаа. Энэ жил манай жинд чансаатай Ази тивийн аваргууд өрсөлдөх болов уу.
Дэлхийн аварга, Азийн аварга, дэлхийн 2-3 медальтай тамирчин зэрэг шажигнасан 8-9 бөхчүүд хоорондоо учраа таарахаар байна. Тэр бүгд дээр нэлээн сайн судалгаа, шинжилгээ хийгээд, бэлтгэл сургуулилтаа тааруулаад очиход болох байхаа.
-Т.Тулгыг өсвөрийн Ази тивийн аваргаас алтан медаль зүүгээд эх орондоо ирэхэд нь 11 жилийн өмнө студид урин ярилцаж байлаа. Энэ 11 жилийн хугацаанд зочин маань насанд хүрэгчдийн ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль мөн Азийн наадмын аварга болж, Төрдөө үнсүүлэн Гавьяат тамирчин цол хүртжээ. Спортын замналд нь маш олон ахиц, дэвшил өөрчлөлтүүд гарчээ?
-Дөнгөж саяхан л таньд ярилцлага өгөөд сууж байсан. Гэтэл бүтэн 11 жилийг үджээ. Маш олон зүйлүүд өөрчлөгдсөн байна. Цаг хугацаа маш хурдан өнгөрчээ.
Ийм хурдан 11 жил явчихсан юмуу, ийм олон зүйлийн ард гарчихсан юмуу гэж бодож сууна. (инээв) Их сайхан он жилүүд байжээ. Чөлөөт бөхөөр хичээллээд 17 жил болж байна.
Бөхийнхөө буян хишгээр сайхан амжилт гаргаад, сайн сайхан л явж байна.


Аав, ээждээ мөн гэргийдээ маш их баярлан талархаж явдаг
-Анх чөлөөт бөхийн спортод хөл тавихдаа энэ спортод олон шилдэг шавь бэлтгэн төрүүлдэг, хашир туршлагатай Ц.Гантөгс дасгалжуулагч дээр шавь орж байсан. Тэр дурсамжаа хуваалцана уу?
-Намайг анх 2009 онд 10 жилийн сургуульд байхдаа манай биеийн тамирын багш чөлөөт бөхийн Дүүргийн АШТ-д оролцох тамирчдыг сонгон шалгаруулсан. Тэнд бүртгүүлээд анх чөлөөт бөхийн спортыг нүдээрээ харж, таньж байлаа.
Түүнээс хойш чөлөөт бөх гэж ийм спорт байдаг юм байна. Клубт явъя гээд аавдаа хэлсэн. Манай аав дэмжиж, Тэмүүжин спортын сургалтын төвд Ц.Гантөгс багштайгаа холбогдсон доо. Манай аав, ээж намайг дэмжиж байсан учраас тууштай энэ спортоор хичээллэх гол суурь болж өгсөн. Тиймээс ч өдий зэрэгтэй энэ амжилт, ялалтанд хүрчихээд явж байна даа. Тэд маань маш сайхан өсгөж, сайн ёс суртахуунтай болгон өсгөж хүмүүжүүлсэн дээ.
Аав, ээждээ үргэлж талархаж, баярлаж явдаг. Иймээс ч илүү сайн амжилт үзүүлэн, дээшээ өгсөж явахыг бодож, төлөвлөж байна даа.
-Аав, ээжийнх нь тал хоёулаа бөхийн удамтай гэж сонссон?
-Тийм, манай аав, ээж хоёр хоёулаа сайхан бөхийн удамтай улс. Аймаг, сумандаа барилддаг хүмүүс аль аль талд нь бий.
Унаган өгөгдөл маш сайн байсан. Миний хувьд багадаа монгол ахуйтай ойр, хар бор ажилд сайн байсан нь бөхөөр хичээллэхэд илүү дөхөм болж өгсөн боловуу гэж боддог.


Т.Тулга: “Үг аман дотроо байхдаа минийх, амнаас гараад үг миний эзэн” гэдэг дээ.
Хэлсэн үгэндээ эзэн болчих гээд л СХД-ийн 104-р сургуульдаа чөлөөт бөхийн дэвжээ бэлэглэж, сайн үйлсийн аянаа амжилттай зохион байгуулсан
-Хүн эхэлсэн цэгээ хэзээ ч үл мартах ёсгүй. Саяхан Т.Тулгын хувьд сайн үйлсийн аян зохион байгуулж, төрөлх сургууль СХД-ийн 104-р сургуульдаа чөлөөт бөхийн дэвжээ бэлэглэсэн байсан. Сайн үйлсийн аян зохион байгуулах санаа хэрхэн, хэзээ төрөв?
-2021 онд дэлхийн дэвжээнээс медаль хүртчхээд за, би нэг бодит ажил зохион байгуулъя. Харин яг юу хийх вэ гэдэг бодол төрж эхэлсэн. Ингэхдээ хүнд тэр дундаа чөлөөт бөхийн спортын гараагаа эхэлж, бөхийг таньж мэдсэн сургуулийнхаа сурагчдад дэвжээ бэлэглэе гэж бодож эхэлсэн.
Миний хувьд сурагч байхдаа Зүүн салаанаас төв рүү маш хол зайд очиж, автобусаар очдог байлаа. Тиймээс спортоор хичээллэхэд орчин нөхцөл маш чухал. Ингээд лигийн тэмцээнд барилдаж буй учраас цалин авдаг. Авсан цалин, шагналын мөнгөөрөө чөлөөт бөхийн дэвжээ авч, сургуульдаа бэлэглэсэн. 104-р сургуулийн захиргаанаас ч ийм саналыг өмнө нь надад тавьж байлаа.
За гээд хэлчихсэн, хэлсэн үгэндээ хүрчих гээд л хичээж явлаа. “Үг аман дотроо байхдаа минийх, амнаас гараас үг миний эзэн” гэдэг үг байдаг даа.(инээв) Иймээс хэлсэн үгэндээ эзэн нь байх ёстой учраас чөлөөт бөхийн дэвжээ өөрийн хөрөнгөөр авч, сургуульдаа бэлэглэсэн. Ингэснээр дан ганц чөлөөт бөхийн спорт бус өөр олон төрлөөр хичээллэж буй хүүхэд, багачуудад маш том хөрөнгө оруулалт болж байгаа.
Цаашдаа 10 аймагт энэхүү сайн үйлсийн аянаа бодитоор үргэлжлүүлнэ гэж зорьж байна. Хамтран ажиллах, сайн үйлсийн аяныг дэмжих хүмүүс, ААН, компаниудад нээлттэй гэж хэлье.


Багш нар маань надад амьдрал дээр ч тэр, спортын талбарт ч маш олон зөв зүйлийг, хүн байхын утга учирыг зааж сургасан
-Яг бөхийн чөлөөт барилдааны мэргэжлийн тал руугаа илүү туршлагажиж, тамирчны чамбай арга барилд суралцаж эхэлсэн нь 2013 он уу?
-Би “Тэмүүжин” клуб дээр байж байгаад, залуучуудын ангилалд ороод, МУГД Б.Баттулга багшийн удирдлага дор бэлтгэлээ хийдэг болсон.
Багш маань өөрөө олон сайхан шавь нартай. Олон сайн багш нарыг олимпт бэлтгэж байсан туршлагатай байсан. Тэгээд багш дээрээ дэлхийн том тамирчид ямар байдаг вэ, яаж хэрхэн бэлтгэл сургуулилт хийдэг зэргийг маш сайхан сурч, мэдэж авсан. Ер нь амьдрал дээр ч тэр, спортын талбарт ч багш маань надад маш олон зүйлийг зөв, зааж сургасан ачтай хүн дээ.


-Спортын тамирчны бат ар тал бол гэр бүл. Тэр дундаа хүний хань ижил маш сайн дэм түшигтэй байдаг?
-Тиймээ. Миний гэргий бол үнэхээр сайхан хүн. Би маш азтай. Ийм сайхан хүнээр халамжлуулж, хайрлуулж, өдий зэрэгтэй амжилт, ялалттай яваа гэж бодож сууна. Бид хоёр энэ учраад 10 жил болж байгаа. Өдгөө хоёр сайхан охины аав, ээж болчихсон. Амжилт, ялалт, уналт, босолт бүх л зүйлийн ард тэр минь намайг дэмжээд, эрч хүч өгөөд, түшиж байдаг даа.
Хэсэг бодибилдинг, фитнессээр хичээллэж, 2-3 том тэмцээнд тун амжилттай оролцсон. Би гэргийнхээ тэсвэр тэвчээр, хатуужил, зориг, зүрхийг үнэхээр биширч, бахархсан.
Т.Тулга: Багаасаа өгөгдлөөрөө сурсан “Дархан тонгороо” мэхтэй
-Т.Тулгын дархан мэх нь юу вэ?
-Би багаасаа өгөгдлөөрөө сурсан “Дархан тонгороо” мэхтэй. Энэ мэхээ баяжуулаад сүүлд дэлхийн дэвжээнээс анхны медалиа “Гарт эргээ” мэхээрээ авч байлаа. Энэ хоёр мэхээ нэлээн сайн хийж, сайхан амжилт үзүүлж байсан.
Өнгөрсөн жилийн ДАШТ-ээр зооны аваргын төлөө барилдахдаа Дэлхийн аварга, Казахын тамирчинтай барилдаж, дархан тонгороогоо хийсэн. Тэр бас оноо авалтанд маш сайн нөлөөлсөн. Энэ нь дэлхийн финалд барилдах боломжийг олгож байлаа.



-Чөлөөт бөхийн спортоос авч буй гоё, сайхан зүйл нь юу вэ?
-Чөлөөт бөхийн спортыг би тэр л чигтээ “Талархал” гэж тодотгоно. Энэ спортоос маш сайхан буян надад ирдэг. Дэлхийн хаана ч очсон би огт газардахгүй байдаг. Хүрээлэл нь маш гоё эерэг. Энэ л спортынхоо буян, ач тус, үр өгөөжөөр ийм сайхан амжилттай, олонтой, сайхан гэрэл гэгээтэй яваа гэж боддог.
Ярилцсанд баярлалаа.


“Оргилд хүрэх зам” нэвтрүүлгийг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:








