
“Нэг намын дарга 5 нам, эвслийн төлөөллөөс бүрдсэн парламентыг удирдах ёсгүй” гэх шалтгаанаар УИХ дахь АН-ын бүлэг болон “Үндэсний эвсэл”-ийнхэн Н.Учралд шахалт үзүүлж, УИХ-ын даргаас нь буулгасан нь Н.Учралд шинэ суудалд очих хөрсийг бэлтгэн өгч, Монгол Улсын Ерөнхий сайд болгочихсон.
Жил хүрэхгүй Засгийн газрын тэргүүнээр ажилласан Г.Занданшатар хэл амгүй чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөр улс төрийг хурдлуулж, Н.Учралын Засгийн газар өнгөрөгч баасан гарагт кабинетээ байгуулан, УИХ-д танилцуулж, тангараг өргүүлсэн.
Ерөнхий сайд Н.Учралын танилцуулсан кабинетын сайд нар нь Ерөнхий сайд Г.Занданшатарын танхимд ажиллаж байсан 8 сайдыг танхимдаа үлдээж, үлдсэн 11 сайдыг шинээр томилсон.
Харин УИХ дахь МАН-ын бүлэг хоёр хуваагдсан. 30-ийн бүлэг буюу өмнөх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн бүлэгт таван сайдын суудал өгч, С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир, Ц.Идэрбат, Ж.Алдаржавхлан, Ч.Номин нар сайдаар томилогдов.
Н.Учралын Засгийн газарт ХҮН намаас хоёр сайд, Үндэсний эвслээс нэг сайд ажиллана. Хуучин сайд нарын зарим нь сэлгэн өөр салбарын сайдаар томилогдсон.
Хамгийн их анхаарал татаж, ЯАГААД гэсэн асуулт дагуулж буй томилгоо бол хуучин Ерөнхий сайдынхаа “гэнэтийн бэлэг” болж “нүүрсний хулгайчидтай тэмцэж, хуулийн хүчийг харуулна” гэж Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдон ажиллаж байсан Б.Энхбаяр хуулийн салбараа өгч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар буюу Ерөнхий сайд Н.Учралын “тогооны хүн” боллоо.
Кабинетын сайд нараа танилцуулж, УИХ-д тангараг өргүүлэх үедээ Н.Учрал, “Б.Энхбаяр хуулийн сайдаар ажиллаж байсан болохоор энэ талаас нь ард түмэн мэдээд байсан. Гэхдээ өмчийн эрхзүй, газрын эрхзүй, төрийн албаны шинэчлэлийг хийх үйл хэрэгт надад хань, нөмөр нөөлөг болно гэж сонголтоо хийсэн” гэж тодорхойлов.
Харин эсрэгээрээ Хууль, зүй дотоод хэргийн сайдад “30-ын бүлэг” буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын талын хүн гэгдэх С.Амарсайханыг томиллоо.
Хуулийн салбараа хэрэг үүсгэж байсан талынхандаа өгчихөж байгаа нь Б.Энхбаяр “нүүрсний хулгайчид”-тайгаа тэмцэхээ больж байгаагийн илрэл үү эсвэл Н.Учралын Засгийн газар ирээдүйгээ аврахаар “30-ын бүлэг”-ийнхэнтэй тохиролцчихов уу.
Анхнаасаа Н.Учралыг МАН-ын дарга болоход Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарт ээлтэй гэгдэж байсан нь үнэн. Иймдээ ч хэрүүл, маргаангүй Д.Амарбаясгалан намын даргын суудалтайгаа зуралдахгүй Н.Учралд өгчихсөн.
Харин Н.Учрал Засгийн газраа бүрдүүлэхдээ үүний хариуг барьж “30-ын бүлэг”-т 5 сайдын суудлаа өгсөн нь энэ юм.







