
УИХ-ын гишүүн Э.Батшугар: Эрүүл мэндийн салбар эмнэлэг төвтэй бус хүн төвтэй байх ёстой
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын танхимд орж ажиллах, Эрүүл мэндийн сайдаар сонгогдоод буй Э.Батшугар дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр, Эрүүл мэндийн салбарт бид нар бүгдээрээ л үйлчлүүлэгч нар шүү дээ. Бид нарын өвөө, эмээ, аав, ээж нар. Тэгэхээр тэр талаас нь харах нь зүйтэй юм болов уу гэж бодож байна. Яахав, ажлаас айгаад хүнд гээд байх нь бас юу юм. Хамгийн гол нь нэгдүгээрт эрүүл мэндийн салбар гэдэг чинь зөвхөн эмнэлэгт төвтэй бус хүн төвтэй байх ёстой.
Хоёрдугаарт эрүүл мэндийн салбарт зарцуулагдаж буй 1 төгрөг болгон илүү хүн рүүгээ, эрүүл иргэн рүү зарцуулагдах ёстой. Энэ утгаараа эмч нарын цалин байна, Эрүүл мэндийн даатгалын сан байна, мөн цаашлаад яаж илүү хүртээмжтэй, цахимжуулах вэ. Хүнд сурталгүй болгох вэ гэдэгт анхаарч ажиллана.
Мэдээж миний хувьд эрүүл мэндийн салбарыг авч явж чадна гэж бодож байна. Үүн дээр маш олон мундаг боловсон хүчин бий гэж бодож байгаа. Нөгөө талдаа цахимын асуудлыг, ялангуяа хиймэл оюун ухааны асуудлыг илүү холбоно.
Мөн санхүүч хүний хувьд санхүүжилтийн үндсэн системийг углуургаар нь харж, шинэчлэл хийхийг зорино гэж хэлмээр байна. Харин Цахим хөгжил, инновац, харилцааны холбооны сайдын тухайд Ерөнхий сайд Үндсэний хуулийнхаа дагуу л шийдвэрлэсэн байх” гэв.







