
Боловсон хүчний нөөц эрүүл мэндийн салбарын “шүдний өвчин” болжээ
3 дугаар сарын сүүлийн өдрүүдэд эрүүл мэндийн салбарынхан нийслэл Улаанбаатар хотод чууллаа. Боловсон хүчний дутагдал салбар бүрд “шүдний өвчин” болсон билээ. Ялангуяа орон нутагт нийгмийн эрүүл мэндийн чиглэлд ажиллах мэргэжилтний хомсдол урьдчилан сэргийлэх ажлыг сулруулж, иргэдийн эрүүл мэндийн боловсролд сөргөөр нөлөөлж буйг салбарынхан онцлов.
Эрүүл мэндийн салбарынхан ийнхүү нийгмийн эрүүл мэндийн чиглэлийг орхигдуулахгүй байх, орон нутагт мэргэжлийн боловсон хүчнийг нэмэгдүүлэх нь нэн тэргүүний зорилт болоод байгааг онцолж байна. Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын эмч, мэргэжилтнүүд халдварт өвчний хяналт, эрүүл мэндийн боловсрол олгох, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлд голлон ажиллаж байгаа ч нийгмийн эрүүл мэндийн салбар орхигдож байгаа талаар салбарынхан тодотголоо.
Тус арга хэмжээний үеэр манай сурвалжлах баг эрүүл мэндийн салбарын боловсон хүчний нөөц, мөн нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр холбогдох албаны төлөөллөөс цөөн асуултад хариулт авлаа.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Цэцэгсайхан: Улсын хэмжээнд эрүүл мэндийн салбарт нийт 66 мянга орчим ажилтан ажиллаж байна. Гэсэн ч нийгмийн эрүүл мэндийн чиглэлд ажиллагсад ердөө 1000 орчим буй нь энэ салбарын хүний нөөцийн хомсдолыг илтгэж байна.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Цэцэгсайхан: “Халдварт өвчин, дэгдэлтийн үеийн хариу арга хэмжээ харьцангуй сайн хэрэгжиж байгаа. Гэвч нийгмийн эрүүл мэндийн чиглэл, ялангуяа урьдчилан сэргийлэх, эрүүл аж төрөх дадал хэвшлийг төлөвшүүлэх ажил орон нутагт сул байна.” хэмээн онцолсон юм.
Мөн хүний нөөцийн хувьд ачаалал даахуйц хэмжээнд хүрч чадвал орон нутгийн эрүүл мэндийн салбарын хөгжилд бодит ахиц гарах боломжтойг дурдав. Өнөөдрийн байдлаар төсөв, санхүүгийн дэмжлэг хангалтгүй, ялангуяа орон нутагт мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай хэвээр байгааг хэллээ.
Монгол Улсын хэмжээнд эрүүл мэндийн салбарт нийт 66 мянга орчим ажилтан ажиллаж байгаа ч нийгмийн эрүүл мэндийн чиглэлд ажиллагсад ердөө 1000 орчим байгаа нь энэ салбарын хүний нөөцийн хомсдолыг илтгэж буй юм. Үүний улмаас нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг дутмаг байх зэрэг асуудал нийтлэг байгаа” гэв.


УИХ-ын гишүүн О.Саранчулуун: “Бид нийгмийн эрүүл мэндийн салбарыг ихэвчлэн вакцинжуулалтаар л төсөөлдөг хандлагатай, энэ ойлголтыг өөрчлөх шаардлагатай. Эрүүл мэндийн салбарынхан өөрсдөө санаачлан үйл ажиллагаа зохион байгуулж, иргэдэд ойлгуулж, таниулах үүрэгтэй.” гэсэн юм.
Түүнчлэн нийгмийн эрүүл мэндийн чиглэлд эмч, мэргэжилтнүүдийн оролцоо хангалттай өндөр байгаа ч бодлогын дэмжлэг, санхүүжилт, хүний нөөцийн бодлого сул байгаагаас үр дүн нь төдийлөн мэдэгдэхгүй байгааг онцолж байна.


Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч Ш.Мэндсайхан: “Манай аймаг алслагдсан бүс нутагт хамаардаг. Хэрэв энэ чиглэлийн бодлого, хууль, шийдвэрүүд батлагдаж, бодит хэрэгжилтийн түвшинд хүрвэл үр дүнгээ өгнө гэж харж байна. Зарим хүмүүс эрүүл мэндийн салбарыг доройтсон мэтээр ойлгодог. Гэхдээ бодит байдал дээр хийгдэж байгаа ажил үүнээс мянга дахин илүү” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Иймд нийгмийн эрүүл мэндийн салбарт чиглэсэн бодлого, санхүүжилтийг нэмэгдүүлэх, орон нутагт мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, тогтвортой ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байгааг эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр онцоллоо.
М.Солонго








