
“Өрөг” хэлэлцүүлгийн шинэ дугаарыг хүргэж байна.
Сүүлийн өдрүүдэд олон нийтийн дунд шүүмжлэл дагуулж, эсэргүүцэлтэй тулгараад байгаа Туулын хурдны зам төслийн талаар, албаны болон эсэргүүцэж буй тал, мөн мэргэжлийн эрдэмтэн судлаачдын байр суурийг хүргэж, нэг дор багц мэдээллийг хүргэхээр “Туулын хурдны зам ба Туул гол” сэдвээр бэлтгэсэн.
Хэлэлцүүлэгт:
- Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр
- Нийслэлийн бодлогын судалгаа, шинжилгээний төвийн эрдмийн зөвлөлийн гишүүн, доктор Ш.Баранчулуун
- Хотын засаглалын мэргэжилтэн Л.Ану-Үжин
- Нийтлэлч Б.Болор-Эрдэнэ нар оролцсон юм.
Бид сэдвийн хүрээнд төслийг хариуцан хэрэгжүүлэгч болон эрдэмтэн судлаач мөн төлийг эсэргүүцэж буй талуудын байр суурийг тэнцвэртэй хүргэх зарчмыг баримтлан зочдоо урьсан билээ.
Хэлэлцүүлгийн үеэр тэдний илэрхийлсэн онцлох байр сууриудыг хүргэж байна.
“Туулын хурдны зам ба Туул гол”

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр: Жайкагийн судалгаан дээрээс 2022 оны бүх төслүүдийг эрэмбэлээд үзүүлэхэд туулын хурдны зам нь эдийн засгийн хамгийн үр өгөөжтэй нь гэж гарсан. Энэ үүднээс туулын хурдны замыг зайлшгүй барих шаардлагатай гээд 2022 онд ч явж байсан, 2024 онд төсөв нь батлагдаад 2026 онд барилгын ажил нь эхлээд явж байгаа.
Хотын засаглалын мэргэжилтэн Л.Ану-Үжин: Америкт 50 хот хурдны замаа буулгаж байгаа. Хурдны зам 3-5 жилд л түгжрэлийн асуудлыг шийддэг. Түүнээс цаашилбал хурдны зам өөрөө түгжрэл дууддаг. Үүнийг 80-аад хурдны замын жишээ баталчихсан.


Нийслэлийн бодлого, судалгаа шинжилгээний төвийн эрдмийн зөвлөлийн гишүүн, доктор Ш.Баранчулуун: Туул, Улиастай, Сэлбийн голын экологийн нөхцөл байдлыг эвдэхгүйгээр авч үлдэх зайлшгүй шаардлагатай, гэхдээ хайрлаж, хамгаалж байна гээд байгальд бүхнийг даатгаад зэрлэгээр нь байлгаад байж болохгүй.
Нийтлэлч Б.Болор-Эрдэнэ: Энэ ажил хэдий хугацаанд хэчнээн техник орж гүйцэтгэдэг вэ, хэдэн мянган ажилтан туул голын хөндийд ажиллах вэ гэдэг баримжааг бодитоор өгөхгүй байна. Миний бодлоор энэ бол төсвийн санхүүжилт, дэд бүтэц, логистикийн чадамжийн шалтгаанаар дундаа гацах эрсдэл өндөртэй төсөл.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр: Өдөрт 147 мянган тээврийн хэрэгсэл Наадамчдын уулзвар, Нисэхийн уулзвар дээр түгжирч байгаа гэсэн тоон мэдээллүүд байгаа. Харин тойрог хурдны зам руугаа холбогдоод эхлэбэл ойрхон хурдны замаараа гараад хотын аль ч тал руу түгжрэлгүй явах бүрэн боломжтой болж байна гэсэн үг.


Нийтлэлч Б.Болор-Эрдэнэ: Нарны зам дээр явж байгаа хүнийг арай хол замаар тойрч илүү бензин зарцуулаад туулын хурдны замаар түгжрэлгүй яваад ир гэдэг бол эдийн засгийн үндсэн сэдэв биш.
Нийслэлийн бодлого, судалгаа шинжилгээний төвийн эрдмийн зөвлөлийн гишүүн, доктор Ш.Баранчулуун: Барилгын ажил явагдахад бургас, мод унагаасан, сүйтгэсэн гээд хэцүү харагддаг ч туул голын эко систем эвдэгдээд, ундны усгүй болоод туулын шугуйг “хядчихаж” байгаа юм биш. Туулын шугуй хэдэн 1000га талбайтай тэр дундаас 3.9га газрын бургас л байгаа, түүнийг нөхөн сэргээх бүрэн боломжтой.


Хотын засаглалын мэргэжилтэн Л.Ану-Үжин: Улаанбаатар хот 2010-аад онд жайкагийн судалгаагаар усны гачигдалтай хотын тоонд орсон, 2050 он гэхэд огт усгүй болно гэсэн судалгаанаас болоод хэд хэдэн төсөл хэрэгжүүлж усны эх үүсвэрийг хамгаалж байсан. Туулын хурдны зам үүний эсрэг зүйл хийж байна.








Сэлбэ гол шиг л юм болно доо Нямбаатарын мөнгө угаалт…