
Мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар дэлхийн аваргын төлөөх замналаа шийдвэрлэх тулаанаа хийнэ
Монгол Улсын Гавьяат тамирчин, мэргэжлийн боксын рингэнд 11 тулалдаж нэг ч ялагдалгүй яваа (11-0, 5 КО) “Чингис хаан” хочит Эрдэнэбатын Цэндбаатар карьерынхаа хамгийн эрсдэлтэй бөгөөд хамгийн өндөр ач холбогдолтой тулаанаа хийнэ.
Тэрбээр ирэх сарын 10-нд буюу 2026 оны 4 дүгээр сарын 10-ны баасан гарагт АНУ-ын Нью-Жерси мужийн Нью-Йорк хотын алдарт “Prudential Center” ордонд Тажикстаны хүчирхэг боксчин Мухаммадхужа Якубовтой (23-1-1, 12 КО) нүүр тулна.
Энэхүү 10 үе үргэлжлэх тулаан нь зөвхөн чансаа ахиулах зорилготой биш юм. WBC холбооны чансааны 15-д эрэмбэлэгдэж буй Э.Цэндбаатар чансааны 7-д бичигдэж байгаа М.Якубовыг буулган авснаар дэлхийн аваргын бүсний төлөөх тулаанд орох албан ёсны эрхээ бататгах стратегийн чухал тулаан болно.
Үүнийг ч дэлхийн мэргэжлийн боксын спортын экспертүүд онцолж байна. Э.Цэндбаатарын энэ удаагийн өрсөлдөгч Тажикстан гаралтай, ОХУ-ын “RCC Boxing Promotions”-д тулалдаж байсан “Якубов юм.
Түүний хувьд мэргэжлийн рингэнд 25 тулаан хийхдээ ердөө нэг удаа (дэлхийн аварга Ш.Рахимовт) ялагдсан. WBC International болон WBO Inter-Continental бүсийг эзэмшиж байсан туршлагатай тамирчин.
Э.Цэндбаатарын хувьд энэ удаагийн тулаанаараа дэлхийн хэмжээний элит боксчин мөн үү гэдгээ мэргэжлийн рингэнд харуулна. Хэрэв тэрбээр Якубовыг ялж чадвал Монголын мэргэжлийн боксын түүхэнд дэлхийн аваргын бүсийн төлөө тулалдах болсон анхны тамирчин болох юм.
Мэргэжлийн боксын рингэнд хөл тавиад багагүй хугацааг үдэж буй Э.Цэндбаатар гэж хэн бэ?
Тэрбээр 1996 оны аравдугаар сарын 16-нд Архангай аймгийн Цэцэрлэг хотноо төрсөн. 2008 оны Бээжингийн олимпын наадмаас Хөдөлмөрийн баатар П.Сэрдамбын тулааныг хараад бокс тоглох шийдвэр гаргасан гэдэг. Бас тэр П.Сэрдамбын сурч төгссөн 57 дугаар сургуулийн сурагч байв. Ингээд Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хорооны боксын дасгалжуулагч Б.Энхтайванд шавь оржээ.
2012 онд ОХУ-ын Ятутск хотод болсон Азийн хүүхдийн наадмаас 16 настай Э.Цэндбаатар мөнгөн медаль хүртэхэд мэргэжилтнүүд түүнийг ирээдүй шилдэг боксчин болно гэж дүгнэж байлаа. Багш нь түүнд 2013 оны залуучуудын Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртээд ирэхэд нь аз дагуулдаг малгай бэлэглэсэн гэдэг. Сонирхолтой нь малгай бэлгэнд авсан цагаас хойш Э.Цэндбаатарын амжилт буураагүй ажээ. Тухайн жил насанд хүрэгчдийн УАШТ-ээс алтан медаль хүртснээр дуулианы эзэн болсныг боксын спорт сонирхогчид санаж буй бизээ.
- 2013 оны Залуучуудын Азийн АШТ-ээс хүрэл медаль авсан нь түүний хамгийн дурсамжтай тэмцээн байв. 2014 оны УАШТ-д түүний насыг хүрээгүй гэдэг шалтгаанаар өнжөөж байлаа.
- 2015, 2016 оны УАШТ-д дараалан түрүүлж, жиндээ босоо тамирчин болохоо зарлан тунхагласан билээ.
- 2016 онд Азербайжаны нийслэл Баку хотод болсон олимпын эрх олгох тэмцээнд үзүүрлэж, “Рио-2016” олимпын наадамд оролцох эрх хүртсэн. Э.Цэндбаатар “Рио-2016” олимпын наадамд 19 насандаа оролцож, хоёр ялалт байгуулснаар шагналт тавдугаар байрт орсон юм.
- 2019 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Тухайн жилийн Азийн АШТ-ээс алтан медаль хүртсэн юм. Тухайн онд Монголын спортын оны шилдгийг шалгаруулах “Бөртэ чоно-2019” наадмын шилдэг тамирчин өргөмжлөл гардан авч байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат тамирчин цолоор мөн л 2019 онд шагнуулсан. Энэ жил түүний амжилтын оргил үе байлаа. Удалгүй тэрбээр АНЭУ-ын Дубай хотод болсон Азийн АШТ-ээс алтан медаль хүртсэнээр Азийн хошой аварга болж, “Токио-2020” олимпын наадамд оролцох эрхээ авсан юм. Цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон “Токио-2020” зуны олимпын наадамд оролцож, шагналт байрт шалгарсан.
Э.Цэндбаатар мэргэжлийн бокст орсноо зарлаж, 2021 оны 12 дугаар сарын 17-нд Москва хотод бүсний төлөө тулалдсан.
Боксын дэлхийн аваргын хүрэл медальт, МУГТ Э.Цэндбаатар болон MGL-1 холбооны мастер тулаанч реалити шоуны ялагч, Дэлхийн “One championship” холбооны тамирчин, холимог тулаанч З.Шинэчагтага нарын 600 сая төгрөгийн бооцоот халз тулаан 2022 оны есдүгээр сард болж, Э.Цэндбаатар бооцоогоо авсан.
Э.Цэндбаатар 2021 оны 12 дугаар сард мэргэжлийн боксын анхны тулаанаа Оросын тамирчин Сослан Баевтай хийж, WBA холбооны Азийн аваргын бүсний эзэн болсон билээ.








