
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал Ерөнхий сайд Г.Занданшатарт Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд заасан дэмжлэгүүд, эх үүсвэр нь заагдчихсан байхад олгогдохгүй байгаа. НДШ-д нөхөн олговор олгох уу, ЖДҮ сан, ЗГ-ын гурван тусгай сан тав таван хувийг энэ салбарт зарцуулах ёстой, түүнийг яагаад зарцуулахгүй байгаа, зарцуулах уу, үгүй юу, цаашид яах вэ гэсэн асуулгыг мэдээллийн технологийн салбарын залуусын хүсэлтээр хүргүүлж буй аж.
Мэдээллийн технологи IT-ийн салбар чухал байгаа энэ эрин үед манай улсын хувьд энэ салбар чухал нөлөө үзүүлж байгаа юм. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль 2024 оны зургаадугаар сард батлагдсан байдаг.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал “IT, мэдээллийн технологиор шинэ зүйл бүтээж, дэвшилтэт технологи нэвтрүүлж буй залуусын НДШ-ийг нөхөн олгоно, нэг удаагийн буцалтгүй тусламжаар дэмжих тухай заалтууд байдаг. Дэмжлэг, санхүүгийн эх үүсвэр байна. Гэтэл яамд, сангууд нь өөр өөр тийшээ харж, шалтгаан ярьсаар энэ хууль хэрэгжихгүй хоёр жил болжээ. Энэ бүхнийг нэгтгэж шийдэх асуудал Монгол Улсын Засгийн тэргүүн Ерөнхий сайд Г.Занданшатарт байна, тиймээс энэ асуудлыг шийдэж өгөхгүй бол дэвшилтэт технологи хийдэг залуус монголоос яваад дууслаа” гэв.
М.Солонго







