
Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга асан О.Сийлэгмаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяртай холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газарт ханджээ.
Тэрбээр мэдээлэд ээ, Б.Энхбаяр нь 2007 онд Боловсролын сайдын А/292 дугаар тушаалаар АНУ-д суралцахаар болсон бөгөөд тухайн үеийн сонгон шалгаруулалтын журамд заасан шаардлагыг хангаагүй байж болзошгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Тухайлбал, уг журамд гадаадад суралцах иргэн нь зарласан мэргэжлээрээ бакалаврын зэрэгтэй, мөн тухайн чиглэлээрээ хоёроос доошгүй жил ажилласан байх шаардлагатай байсан аж.
Гэвч түүний хувьд АНУ-ын Хойд Виржиниагийн Их Сургуульд /University of Northern Virginia/ бизнесийн удирдлагын чиглэлээр суралцсан нь өмнөх мэргэжлийн чиглэлтэй нийцээгүй хэмээн О.Сийлэгмаа мэдэгдэв.
Мөн 2001 оны хоёр сайдын хамтарсан тушаалд зааснаар сургалтын төлбөрийг суралцагчийн гэрээ, бичиг баримтад үндэслэн сургуулийн данс руу шилжүүлэх ёстой байсан. Гэтэл 2008 оны дөрөвдүгээр сарын 16-нд тус сургуулиас Б.Энхбаярын хүсэлтийн дагуу төлбөрийг түүний хувийн данс руу шилжүүлэхийг зөвшөөрсөн утгатай бичиг ирсэн бөгөөд үүнээс хойш дөрөвдүгээр сарын 25-нд мөнгийг хувийн данс руу нь шилжүүлсэн байна. Үүнийг тухайн үеийн журам болон гэрээний заалтыг зөрчсөн байж болзошгүй гэж үзжээ.
Түүнчлэн гэрээний дагуу гадаадад суралцаж төгссөний дараа Хууль зүй, дотоод хэргийн яаманд таваас доошгүй жил ажиллах үүрэг хүлээсэн ч уг заалтыг биелүүлээгүй хэмээн гэсэн юм. Энэ хугацаанд Б.Энхбаяр нь Нийгмийн даатгалын ерөнхий газарт тамгын газрын даргаар, МАН-ын дарга болон бүлгийн даргын зөвлөхөөр ажиллаж байсан аж.
Иймд дээрх асуудлууд нь сонгон шалгаруулалт, суралцах хугацаа, зээлийн гэрээг дуусгавар болгох үе шат болгонд журам зөрчсөн, улмаар албан тушаалын нөлөөлөл ашигласан байх магадлалтай гэж үзэн Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өгсөн хэмээн О.Сийлэгмаа мэдэгдэв.
М.Солонго







