
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар гарсан шийдвэрүүдийн талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээлэл өглөө.
Тэрээр “Өөрчлөлтийг өөрсдөөсөө эхэлье” хэмээн тодотгож, төрийн байгууллагын данхар бүтцийг цомхон, чадварлаг, бүтээмжтэй болгох зорилго тавьсныг онцолсон юм.
“Өмнөх Засгийн газар 22 сайдтай байсан бол одоо 19 сайдтай ажиллана. Энэ хүрээнд сайдын статустай гурван Үндэсний хороог цомхотгож, давхардсан чиг үүрэг бүхий бүтцүүдийг цөөлөхөөр болсон. Мөн технологийн дэвшлийг ашиглан төрийн албыг илүү уялдаа холбоотой болгох нөхцөл бүрдэж байна” гэв.
Үндэсний хороодын тал хувийг татан буулгах шийдвэр гарлаа
Төрийн бүтцийн цомхотголын хүрээнд нийт 60 гаруй байсан Үндэсний хороодын 50 хувийг татан буулгахаар болжээ. “Давхардуулсан бүтэцтэй, уялдаа холбоогүй зөвлөмжийн шинжтэй байгууллагуудыг цөөлж, бодит үр нөлөөтэй, хэрэгжилт хариуцсан бүтэц рүү шилжих цаг болсон” хэмээн онцолсон байна.
1900 төрийн албан хаагчийн 20 хувийг цомхотгоно
Одоогоор 16 яаманд нийт 1900 гаруй төрийн албан хаагч ажиллаж байгаа бөгөөд тэдний 20 орчим хувийг цомхотгох төлөвлөгөө хэрэгжихээр байна. “Энэ бол жирийн төрийн албан хаагч биш, чиг үүргийн давхардалтай, удирдах түвшний томилгооны асуудал юм. Бид цомхон бөгөөд хариуцлагатай бүтцийн төлөө зорьж байна” гэж ЗГХЭГ-ын дарга хэллээ
Төсвийн тодотгол Сангийн сайдын танилцуулгатай үргэлжилнэ
Бүтцийн өөрчлөлттэй уялдан 2025 оны улсын төсөвт тодотгол орох шаардлага үүссэн. Уг тодотголын агуулгыг удахгүй Сангийн сайд Б.Жавхлан дэлгэрэнгүй танилцуулахаар байгаа бөгөөд төрийн албаны цомхотгол, бүтцийн оновчтой зохион байгуулалт хэр хэмжээний төсөв хэмнэхийг мөн нарийвчлан мэдээлэх юм.
Баялгийн өгөөжийг иргэдэд хүртээх ажлыг эрчимжүүлнэ
Баялгийн тэгш хүртээмжтэй хуваарилалтын талаар ч онцоллоо. Тодруулбал, 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд байгалийн баялгийн өгөөжийг одоо ба ирээдүйн иргэдэд шударгаар өвлүүлэх, эзэмшүүлэх тухай заалтыг хэрэгжүүлэх зорилгоор 2024 онд “Баялгийн сангийн тухай” хууль батлагдсан.
ЗГХЭГ-ын даргын хэлснээр, уг хуулийн хэрэгжилтийг бодит ажил болгохын тулд стратегийн ордуудын тодорхой хувийг төрийн мэдэлд авч, иргэдэд хүртээх зохицуулалт хийгдэхээр төлөвлөгдөж байгаа аж.
Стратегийн ордуудын төрийн эзэмшлийг нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулав
Стратегийн ордуудын талаарх асуудал олон жил хойшлогдож ирсэн. 2007 онд УИХ-аас баталсан стратегийн ордуудын жагсаалт 18 жилийн турш бараг өөрчлөгдөөгүй байсныг 2024 оны Засгийн газрын 88-р тогтоолоор хөдөлгөж, шинэчилсэн байна.
Тус тогтоолоор стратегийн ордуудын хил зааг, төрийн эзэмшлийн хувь хэмжээ, үүсмэл ордуудыг багтаасан өргөн хүрээтэй зохицуулалт хийсэн бөгөөд хэрэгжилтийг хангах үүднээс ЗГХЭГ-ын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаад байна. Үүнд УИХ-ын гишүүн Н.Учралаар ахлуулсан баг болон Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандан нар хамтран ажиллаж буй.
Сэтгүүлчдийн асуултад хариулахдаа С.Бямбацогт “Эрчист Монгол” компанийг татан буулгах эсэх талаар одоогоор шийдвэр гараагүй, ул суурьтай судалгаа шаардлагатай хэмээн хариуллаа. “Шууд сэлэм гаргаж ирээд цавчаад хаяна гэж байхгүй. Хариуцлагатай дүгнэлтийн үндсэн дээр шийдвэр гаргана” гэж тодотгов.
Засгийн газар энэ удаад бүтэц, баялаг, төсвийн зохион байгуулалт гэсэн гурван гол тулгуурт бодлогын өөрчлөлт хийхээр зорьж буйг С.Бямбацогтын мэдэгдэл тодорхой харуулж байна. Төрийн албаны бүтэц данхар байхаас илүү, давхардалгүй, оновчтой, хариуцлага хүлээдэг тогтолцоо руу ойртох алхам ийнхүү эхэлж байна.