
Израилын агаарын цохилтын улмаас Иранд 224 хүн амь үрэгдэж, 1277 гаруй хүн шархаджээ
Ираны Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр өнгөрсөн баасан гарагаас хойш Израилын агаарын цохилтын улмаас багадаа 224 хүн амь үрэгдэж, 1277 гаруй хүн шархаджээ. Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху Fox News сувагт өгсөн ярилцлагадаа Израилын зэвсэгт хүчин Тегеран дахь “Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпус” хүчний тагнуулын албаны барилгыг бөмбөгдсөний улмаас тус тагнуулын албаны тэргүүн Мохаммед Каземи, түүний орлогч Хасан Мохагег нар амь үрэгдсэн талаар мэдэгджээ.
Reuters агентлагийн мэдээлснээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны шашны тэргүүн Али Хаменеиг хөнөөх Израилын төлөвлөгөөнд хориг тавьжээ. Израилд Али Хаменеиг хөнөөх боломж байсан ч Америкийн төрийн тэргүүн уг төлөвлөгөөг нь зөвшөөрөөгүй аж. Reuters агентлагийн дээрх мэдээлэлтэй холбоотойгоор Израилын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Цахи Ханегби Reuters агентлагийн мэдээг худал хуурмаг улсын худал мэдээ хэмээн тодорхойлж, The Wall Street Journal сонинд өгсөн ярилцлагадаа Ираны шашны тэргүүн Израилын халдлагад өртөхгүй гэсэн баталгаа байхгүй гэдгийг онцолжээ.
Израил улс өнгөрсөн баасан гарагийн шөнөөс Ираны цөмийн болон цэргийн объектуудад агаараас цохилт үзүүлж эхэлсэн юм. Израилын агаарын цохилтуудын улмаас Ираны зэвсэгт хүчний өндөр албан тушаалтнууд, эрдэмтэд болон энгийн иргэд амиа алдсан юм.
Эдгээр цохилтуудын хариуд Тегеран Израилын нутаг дэвсгэрт цохилт үзүүлсэн байна. Ираны агаарын цохилтын улмаас Израилд 13 хүн амь үрэгджээ.
Иран улсын нийслэл Тегеран хотоос гарах гэсэн хүмүүс шатахуун түгээх станцуудын гадна урт дараалал үүсгэсэн байдалтай байгаа ба иргэдийн дийлэнх нь хойд зүг рүү Каспийн тэнгисийн эрэг ойролцоох бүс нутгууд рүү олноороо дүрвэж байна.