
“Рейн Рур-2025” Дэлхийн оюутны зуны Унверсиад XXXIII наадам хөшгөө нээхэд 36 хоног үлдээд байна.
Монгол Улсаас тус наадамд спортын 9 төрөлд 100 гаруй тамирчны бүрэлдэхүүнтэй баг оролцоно. “Өрөг.мн” сайтын сурвалжлах баг албан ёсоор Герман улсыг зорьж, тус наадмын үйл явдлыг сурвалжлан хүргэх болно.
Бид Монгол Улсаас Дэлхийн оюутны Универсиад наадамд эх орноо төлөөлөн өрсөлдөх баг тамирчдын бэлтгэл сургуулилтыг зорин очиж, цувралаар мэдээ мэдээллээ бэлтгэж хүргэж байгаа билээ. Энэ удаад волейболын оюутны шигшээ багийн бэлтгэл сургуулилт дээр зорин очлоо. Монголын волейболын шигшээ баг хэсэгтээ Герман, Австрали улсын багуудтай учраа таарчээ. Ингээд багийн ахлагч болон туслах дасгалжуулагчтай цөөн хором ярилцлаа.

Волейболын оюутны шигшээ багийн ахлагч н.Өүлэн: Универсиадад сайн оролцохыг хичээж бэлтгэж байна


-Манай баг ерөнхийдөө 7 хоногийн 6 өдөр бэлтгэл хийж байгаа. Тэгээд ирэх 7 хоногоос өдөр болгон бэлтгэл хийхээр ер нь төлөвлөж байгаа. Манай багийн бүрэлдэхүүнд 10 хүртэл жил волейболын спортоор хичээллэсэн мөн хамгийн багадаа гэвэл 3 жил тэмцээн уралдаанд оролцсон хүүхдүүд байгаа. Насны хувьд 18-23 насны тамирчдаар багаа бүрдүүлсэн. Ер нь дундаж нас ойролцоогоор 21, нурууны өндрийн хувьд 1.60-1.85 байгаа.
Тамирчдын хувьд маш потенциал сайтай хүүхдүүд бий. Ерөнхийдөө шинэ үеийнхэн байгаа болохоор аливаа нэг асуудалд заавал нэг уур бухимдлаар, хүчээр биш аль болох багийнхантайгаа ярилцаж эвээр ойлголцож, нэгнийгээ гоё хөгжөөгөөд, дэм өгөөд л багаа гоё яг нэг гарт зангидаж авч явах хэрэгтэй. Тиймээс багийн ахлагч бол маш сайн үүрэг оролцоотой, эерэг бас мэдрэмж өндөртэй байх шаардлагатай байдаг. Миний хувьд бол 8 дахь жилдээ хичээллэж байна.
Одоогоор бол ер нь заалны болон хүчний бэлтгэлдээ анхаарсан байгаа. Багийн дасгалжуулагчаар ОУХМ Б.Хэрлэн, ОУХМ Л.Отгонцэцэг нар ажиллаж байгаа. Мөн саяхан манайх БНСУ-аас шинэ дасгалжуулагч урьж авчирсан байгаа. Мэдээж бид Универсиадад бэлтгэл сургуулилтаа сайн базааж, илүү амжилт ялалтын төлөө хичээж зүтгэхээр зорьж байна.


Волейболын оюутны шигшээ багийн туслах дасгалжуулагч, ОУХМ Л.Отгонцэцэг: Оюутны эмэгтэй шигшээ баг маань 16 жилийн дараа Олон улсын тэмцээнд оролцох гэж байна
-Миний хувьд дэлхийн оюутны зуны Универсиад наадамд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөх оюутны эмэгтэй шигшээ багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байна. Өөрөө спорт суурьтай, волейболын спортоор олон жил хичээллэсэн тамирчин байсан ийм хүн байгаа.
Эмэгтэй оюутны шигшээ багийн хувьд 2009 онд ерөнхийдөө Сербид болсон дэлхийн оюутны их наадамд 32 жилийн дараа оролцож байсан. Энэ удаад Олон улсын том тэмцээнд бид нар 16 жилийн дараа дахин өрсөлдөхөөр ерөнхийдөө сугалаанд оролцсон байгаа. Энэ удаагийн манай багийн тамирчид Монголын дээд лигтээ ерөнхийдөө оролцож тоглож байсан тамирчид байгаа. Мөн Солонгос улсад бэлтгэл сургуулилтаа хийж байсан тамирчид бас бий.
Дэлхийн оюутны Универсиад наадамд шинэ залуу тамирчид оролцоно доо. Бид нар ирэх сарын 6-23-ны өдрүүдэд Солонгост очиж өдрийн 2-3 бэлтгэл хийхээр төлөвлөж байна. 7 дугаар сарын 10-нд Монголд ирэнгүүтээ 12-ноос Германыг зорино. Манай баг тамирчдын өрсөлдөх волейболын тэмцээн 7 дугаар сарын 16-24-ний өдрүүдэд болох товтой байгаа. Монголын оюутны спортын холбооноос дотоодын УАШТ-ээ зохион байгуулаад тэндээсээ яг нөгөө төрлүүдэд өрсөлдөх баг тамирчдаа сонгон шалгаруулдаг байгаа.
Монголын Оюутны Спортын холбооноос зохион байгуулсан УАШТ-дээ түрүүлсэн баг дээрээ ерөнхийдөө тулгуурлаад бусад эхний 3 байранд орсон тамирчдаасаа бас бүрэлдэхүүндээ оролцуулаад багаа бүрдүүлсэн.
Ярилцсанд баярлалаа.








“Рейн Рур-2025” Дэлхийн оюутны зуны Универсиад наадмын нээлтийн үйл ажиллагаа 7 дугаар сарын 16-ны өдөр Германы Дюссельдорф хотноо болно. Наадмын волейболын тэмцээн 7 дугаар сарын 16-24-ний өдрүүдэд Берлин хотод явагдах хуваарьтай байна.