
The Guardian: Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэсэнгүй
Монгол улсын Ерөнхий сайд “Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоолын төслийн санал хураалтаар хангалттай тооны санал ав чадаагүй учраас албан тушаалаасаа огцорчээ.
Мягмар гарагийн үүрээр явуулсан санал асуулгын дүнгээр Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ шаардлагатай 64 саналаас 44-ийг нь л авч чадсан байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү болон бэрийн тансаглал монголчуудыг нийслэлийн төв талбайдаа 3 долоо хоногийн турш тасралтгүй жагсаал цуглаан зохион байгуулахад хүргэсэн юм.
Парламентын санал хураалтын өмнө Л.Оюун-Эрдэнэ уг санал хураалт нь тогтворгүй байдалд хүргэж, Монгол улсын эмзэг ардчиллыг ганхуулж болзошгүйг анхааруулжээ. Тэрээр засгийн газар тогтворгүй болох нь эдийн засаг муудах, улс төрийн намууд зөвшилцөлд хүрч чадахгүй нь иргэдийн парламентад итгэх итгэл буурах, цаашлаад ардчилсан парламентын тогтолцоо уналтад орох эрсдэлд оруулна хэмээн онцолж, том төслүүддээ хэтэрхий их анхаарч, нийгмийн болон дотоодын асуудалдаа хангалттай анхаарал хандуулж чадаагүйгээ хүлээн зөвшөөрчээ.
Өнгөрсөн онд Монгол улсын парламент 76 суудлаас 126 суудалтай болж өргөжиж, парламентын сонгуулиар сонгогдсон гишүүд эвслийн засгийн газрыг байгуулжээ. Орос, Хятад хоёр хүчирхэг гүрний дунд хавчуулагдсан Монгол улс ЗХУ задарсны дараа ардчилсан дэглэм рүү шилжсэн юм.
Сүүлийн 20 гаруй хоног Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнийг огцрохыг шаардан жагссан иргэд Монгол улсын байгалийн баялгийг зөвхөн томоохон компаниуд болон баячууд хүртэж, жирийн иргэд ядуу амьдарсаар байгааг онцолж байв.
Стратеги болон Олон улс судлалын төвийн орлогч дарга Эрин Мёрфи ард иргэдийн бухимдлын гол эх үүсвэр болсон эдийн засгийн асуудлуудаа шийдвэрлэхийн зэрэгцээ ардчиллын үндэс суурийг тавих нь маш хүндрэлтэй байдгийг онцолж, “Шинэ засгийн газар Монгол улсад тулгараад буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэхийг харах л үлдлээ. Монгол ардчилал хараахан цэцэглэж эхлээгүй ч үндэс нь бий болж байна гэж харлаа” хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ.