
Төв талбай өмнөх өмнөх өдрүүдээс хэд дахин хөл хөдөлгөөнтэй байна. Нэгдэх өдрийг НЭГДЭХ өдөр хэмээн зарлаж “Огцрох амархан” жагсаалын зохион байгуулагчид албан газруудыг ажилчдадаа чөлөө олгох санал дэвшүүлсэнтэй холбоотой.
Жагсаал урьдынхаараа соёлтой, эмх цэгцтэй хэвээр. Жагсагчид бүгд газар суужээ.
Ч.ГАНЖАВХЛАН: УИХ ЯМАР Ч ШИЙДВЭР ГАРГАСАН ЭНЭ ЖАГСААЛ ЯЛЛАА. УЧИР НЬ..
Тэдний дунд кофе чанан суух Ч.Ганжавхлан: “Ер нь бол залуучуудын жагсаал ялчихлаа. УИХ-аас ямар ч үр дүн гарсан байсан залуучууд үзэл бодлоо илэрхийлэх эрхийнхээ төлөө нэгдэж чадаад ийм сайн зохион байгуулалттай, логиктой, аюулгүй тайван жагсаж чадаж байна. Энэ нь манай үеийнхнээс тэс өөр байна. Хэрвээ огцрохгүй бол цаашдаа ч жагсах бололтой. Монголд шинэ соёл тогтчихлоо. Яг үнэндээ эрх барьж байгаа хүмүүс бүгдээрээ дотроо нэгийг бодож байгаа байх. Тайзан дээр хэн нь ч ялж байгаа юм шиг харагдаж болохоор. Гэхдээ хэр баргийн хүн худлаа ярьж, хулгай хийж болохооргүй болж байна аа гэдгийг бүх намын бүх төлөөллүүд дээрээс нь эрх барьж байгаа албан тушаалтнууд ойлгож байгаа” гэв.
Ж.ӨНӨМӨНХ: УИХ ард түмнийхээ талд зогсоосой
Жагсаал зохион байгуулч тэрбээр “Шударга бус зүйлийн төлөө жагсаж байгаа нь хамгийн гол асуудал.Цаашдын төлөвлөгөөг сайн мэдэхгүй байна. Бүх зүйл УИХ-ын шийдвэрээс хамаарна. Хэрвээ асуудал бидний хүсэж байгаа талд эргэхгүй бол яах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Хэрвээ огцрохгүй бол жагссаар л байна. Зохион байгуулалт харин яг энэ хэвээрээ явах уу үгүй юү гэдэг нэлээн эргэлзээтэй. Иргэдийн итгэхгүй байгаа албан тушаалтанд иргэдийн төлөөлөл болсон УИХ итгэл хүлээлгэдэг юм бол УИХ ч гэсэн итгэх итгэл байхгүй болно. Жагсаал зохион байгуулагч гэдэг нь энэ жагсаалыг бүтцийн хувьд зохион байгуулж байгаа болохоос биш иргэдийн үзэл бодлыг зохицуулах боломжгүй. Тэгэхээр иргэдийн үзэл бодол яаж хувирч хааш чиглэхийг мэдэхгүй байгаа учраас яг баттай бас хэлж чадахгүй байна. УИХ руу тар гэж жагсаж байгаа хүмүүс талбайн нөгөө талд байна. Жагсагчид тийшээ нэгдэхийг ч үгүйсгэхгүй. Тэрийг бол зохион байгуулагчид мэдэх хязгаарлах боломжгүй. Энэ жагсаал 3 шаардлагатай байсан. Эхнийх нь Л.Оюун-эрдэнэ Ерөнхий сайд огцрох хоёр дахь нь хамтарсан Засгийн газар тарах, гурав дахь нь үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжихгүй гэсэн. Хоёр шаардлага нь ерөнхийдөө биелчихсэн шүү дээ. Ерөнхийлөгч ҮХНӨ-тэй холбоотой байр сууриа илэрхийлсэн, АН засагт хамтрахгүй болж таарсан” гэв.