
Хамтарсан Засгийн газрын ажиллагаа цааш үргэлжлэх эсэх асуудлаар МАН-ын бага хурал хуралдаж байна. Энэ үеэр Монгол Ардын Намын Бүлгийн дэд дарга А.Ариунзаяа мэдээллээ.
Тэрээр, “МАН, АН-ын дарга УИХ-ын сонгуулийн дараагаар бодлогоо танилцуулсан. 126 гишүүнтэй парламент бий болж, таван улс төрийн намын төлөөл орж ирсэн. Хийх ажил, тулгамдсан асуудал маш их байсан. Тиймээс улс төрийн хувьд шийдвэрлэж чадахгүй байсан олон асуудлыг хамтдаа шийдэх нь зүйтэй. Бусад хөгжиж байгаа улс орнуудын жишээг авах нь зүйтэй гэдэг байдлаар хандсан. Үүн дээр Намын удирдах зөвлөл, бага хурал хамтарсан Засгийн газрыг дэмжсэн шийдвэр гаргаж байлаа. Одоо шат шатандаа хамтрах загвараар ажиллаж байгаа.
-Хамтарсан Засгийн газарт буй намууд өөр байр суурь илэрхийлж байгаа бол, асууллыг хэрхэн шийдэхээ хэлэлцэх ёстой-
Өнөөдөр яагаад энэхүү хуралдааныг хийх болов гэхээр, манай намаас санаачилга гараад байгаа юм биш. Хамтарсан Засгийн газарт орсон байгаа хоёр улс төрийн нам, УИХ-ын гишүүд хамтарсан Засгийн газар байх нь буруу гэдэг байр суурь илэрхийлээд байгаа юм. АН-ын бүлгийн дарга нь хүртэл хамтарсан Засгийн газар байх ёсгүй гэсэн байр суурьтай байна. ХҮН намаас Ж.Золжаргал гишүүн хүртэл гарын үсгээ зураад явж байна. Эдгээр улс төрийн намуудын бодлого өөрчлөгсөн юм уу. Хамтарсан байгаа намууд өөр байр суурь илэрхийлж байгаа бол бид асуудалд яаж хандах ёстой гэдгээ хэлэлцэнэ” гэлээ.