
Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор ГССҮТ-ийн зөвлөх, Монгол Улсын төрийн шагналт, Хүний гавьяат эмч С.Отгонгэрэлийн санаачилсан “Эрүүл мэнд – Хүртээмж – Чанар” хандивын төслийг Шунхлай групп “БИ МОНГОЛ ЭМЧ” ТТБ-тай хамтран хэрэгжүүлж эхэллээ.
Төслийн хүрээнд нийт 20 аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд “OgS Orthopedics” брэндийн яс, үений мэс заслын тоног төхөөрөмж нийлүүлж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг зохион байгуулах юм. Тус хандивын төсөл нь хэрэгжсэнээр орон нутагт жилд 8’000-10’000 мэс засал хийгдэх боломж бүрдэж, эмчилгээний үр дүн 20-30 хувиар нэмэгдэх боломжтой.
“OgS Orthopedics” яс, үений мэс заслын тоног төхөөрөмж нь С.Отгонгэрэл эмчийн удирдлага дор Монголын орчин, нөхцөлд зориулагдан бүтээгдэж, патентлагдсан ба ISO 13485 чанарын шаардлагыг хангаж, FDA-ээр баталгаажсан юм. Тус төхөөрөмж ямар ч эмнэлгийн орчин, нөхцөлд хялбар, хурдан шуурхай ашиглах боломжтойгоос гадна өвчтөнд бага зовуурь өгөх инженерийн шийдлээр бүтээгдсэн.
Одоогоор уг төхөөрөмжийг Улаанбаатар, Эрдэнэт хот болон Дархан-Уул, Баянхонгор, Дорноговь аймгийн эмнэлгүүдэд ашиглагдсан ба мэс заслын хугацааг 20-30 хувиар бууруулж буй нь ажиглагдаж байна.
С.Отгонгэрэл нь эрүүл мэндийн салбарт 40 гаруй жил ажиллахдаа тулгуур эрхтний гэмтэл, гэмтлийн дараах нөхөн сэргээх эмчилгээнд шинэ аргачлал, тоног төхөөрөмжийг амжилттай нэвтрүүлж, Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
“Манай орны алслагдсан бүс, орон нутгийн эмнэлгүүдэд тоног төхөөрөмжийн хангамж дутагдалтай, хүн хүчний нөөц хомс байдаг. Хүн бүрд тэгш хүртээмжтэй, чанартай эмчилгээ үзүүлэхийн тулд бид нэгдэж, дэмжиж ажиллах ёстой. Энэхүү төхөөрөмж маань зөвхөн нэг удаагийн хэрэглээ бус, эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаанд бодит дэмжлэг үзүүлэх зорилготой. “Эрүүл мэнд – Хүртээмж – Чанар” бол зөвхөн нэг удаагийн хандив биш. Энэ бол эмнэлгийн тусламжийг чанартай, хүртээмжтэй болгох, орон нутгийн эрүүл мэндийн салбарыг жигд хөгжүүлэх үндэсний хэмжээний бодит шийдэл юм” гэлээ.