
Үе үед эдийн засгийн хямрал, хүндрэлээс гарах цор ганц зам нь “Алт хөтөлбөр” болдог
Түүхийг эргэн санацгаая:
Зах зээлийн нийгэмд шилжиж, эдийн засгийн хүнд үе, 1992 онд Монгол Улсын төрөөс “Алт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн. Үр дүнд нь 1992-2000 он хүртэл 66.6 тн алтыг олборлож улсад тушаасан байдаг. Жилдээ 1 тн хүрэхгүй алт худалдан авдаг байсан Монголбанк 1997 онд 9 тн алт, 2005 онд 15 тн алт худалдан авч, түүхэн дээд хэмжээнд хүрч байлаа. Гэвч 2006 онд батлагдсан гэнэтийн ашгийн 68 хувийн татвар, 2009 онд батлагдсан урт нэртэй хууль зэргээс шалтгаалан дэлхийн зах зээл дээрх алтны үнийн оргил үед салбараа навс унагаасан түүхтэй.
1 унц алт дэлхийн зах зээл дээр 2000USD хүрч байсан тэр үеийг эргэн харвал “алдагдсан боломж” байлаа.
Үүний дараа 2010 онд манай улс гадаад зах зээл болоод дотоод гадаад улс төрийн нөлөөнөөс шалтгаалан эдийн засгийн хямралд өртөж, Төв банканд валютын нөөц байхгүй, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ шалдаа буусан, ам.долларын ханш 2000 гарчихсан үед авралын найдвар нь алт болсон удаатай.
Ингээд “Алт-2” хөтөлбөрийг эхлүүлж “Алт олборлолтыг нэмэгдүүлж, эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөл” гэгчийг 2015 оны эхээр баталсан. Энэ хүрээнд алтны компаниудад хөнгөлөлттэй зээл олгох, салбарт тулгарч байгаа хууль, эрх зүйн орчныг сайжруулах зэрэг үндсэн том ажлуудыг хийсэн. Алтны нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь болгож, урт нэртэй хуульд хамрагдсан лицензүүдийг амьлуулснаар алтны салбарын хөлийн тушааг тайлсан билээ.
Тэгвэл өнөөдөр биднээс үл шалтгаалан дэлхийн зах зээл дээрх уул уурхайн түүхий эдийн үнэ огцом хэлбэлзэж, 2024 оны сүүлийн хагасаас манай улсын орлогын гол урсгал болох нүүрсний үнэ тасралтгүй буурсаар энэ жилийнхээ ьөсвийг батлахад төсөөлж байсан хэмжээнээс хол зөрүүтэй зарагдах болсон. Харин дэлхийн санхүүгийн найдвартай баталгаа болсоор ирсэн АЛТ-ны үнэ тогтворгүй, тодорхойгүй дэлхийн зах зээл дээр найдвартай байдлаа дахин баталж түүхэн дээд хэмжээнд үнээ тогтоож чадлаа.
Ямар их аз вэ? нүүрснээс орж ирэх орлогын дутагдлыг төсөвт нөхөх гэрэл гэгээ нь алтан шаргал өнгө байж хэмээн дээр дооргүй шагширч байна.
Монгол Улсын Засгийн газзар ч алтны энэ алтан үеийг алдахгүйгээр, түүхэндээ үнэ цэнээ хадгалж, эдийн засагт хоёронтоо аврал болж байсан Алт хөтөлбөрийг 3 дахиа хэрэгжүүлж эхэллээ.
Харин энэ удаад хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ, зах зээлийн, хууль эрх зүйн орчны чөдөр тушааг зэрэг тайлж, хоосон улс төр, хоёргүй бодлогоор хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлэх гэж байна.
Иргэний нийгмийнхэн, эх оронч, популистуудын ганц лоозогнол болох “Урт нэртэй хууль”-ийг хэрэгжүүлнэ
Алт-3 хөтөлбөр “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал, хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг хэрэгжүүлнэ
Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал, хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар Усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд хамаарах ашиглаж эхэлсэн нөөцийг гүйцээн ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг зохицуулахаар Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолын дагуу “5 талт гэрээ”-г байгуулан ашиглалтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Энэхүү зохицуулалт нь хууль хэрэгжиж эхлэхээс өмнө нэгэнт хөндөгдсөн байсан уурхайн талбайг гүйцээн ашиглах, байгаль орчны нөхөн сэргээлтийг хариуцлагатай гүйцэтгүүлэхэд чиглэсэн байсан бөгөөд өнөөдрийг хүртэл 10 гаруй жил үргэлжилжээ.
2025 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар Усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд ашиглаж эхэлсэн алтны ордын нөөцийн үлдэгдэл онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай 5.4 тонн, энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай 2.1 тонн алт байгаа бөгөөд эдгээрийг 43 тусгай зөвшөөрлөөр 34 аж ахуйн нэгж, байгууллага эзэмшиж байна.
Эдгээрээс 2025 онд 18 ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч олборлолтын үйл ажиллагаа явуулахаар уулын ажлын төлөвлөгөө ирүүлсэн бөгөөд энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай 2,113.35 кг алтны нөөцөөс 336.21 кг алт олборлохоор тусгасан байна.
Эдгээр аж ахуйн нэгжүүдээс байгаль орчны нөхөн сэргээлтийн барьцаа болгох мөнгөн хөрөнгийг баталгаажуулах зорилгоор барьцаалах хөрвөх чадвар сайтай, эрсдэлгүй санхүүгийн хэрэгслийг тодорхойлсны үндсэн дээр үлдэгдэл нөөцөө гүйцээн ашиглах хугацаатай гэрээ байгуулан ажиллуулах нь зүйтэй байна. Ингэснээр, шороон ордын алт олборлолт, тушаалт ойрын үед нэмэгдэх, хуулийн хэрэгжилт бүрэн хангагдах эерэг үр дүн гарах юм.
“УИХ-аас 2015 онд баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн агуулга нь “усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд ашиглалт эхэлсэн ашигт малтмалын ордуудыг гүйцээн ашиглуулах, байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлыг хариуцлагатай гүйцэтгүүлэх” зорилготой байсан юм. Энэ хуулийн хэрэгжилт 10 дахь жилдээ үргэлжилж байгаа ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байна.
Иймд, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахад чиглэсэн журам боловсруулж хэрэгжүүлэх, уг хуулиар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон талбайн хилийн заагийг шинэчлэн тогтоох зэрэг ажлууд хийгдэх шаардлагатай байна”