
Төрсөн эгч, дүүс тулааны спорт тэр дундаа боксын төрлөөр хамтдаа хичээллээд багагүй хугацааг үджээ. Өмнө нь эгч, дүүс боксчин охидтой залуучуудын 2025 оны УАШТ-ий үеэр ярилцаж байсан бол энэ удаад өөрөө оролдсоор гитар тоглож сураад удаагүй буй “Ихэр бээлий” клубийн өсвөрийн тамирчин А.Мөнгөнзултай бид цөөн хором ярилцлаа. Тэрээр боксын спортоор хичээллээд гурав дахь жилээ үдэж байгаа бөгөөд өөрийн хобби сонирхлоороо юүтүб үзэж, хичээллэж, оролдсоор гитар хөгжим тоглоод 6 сар болж байгаа ажээ.
“Ихэр бээлий” клубийн боксчин А.Мөнгөнзул: Би сонирхлоороо интернэтээс бичлэг харж байгаад гитар тоглож сурсан
-Сайн байна уу? Эргэн уулзаж байгаадаа таатай байна. За ямар тэмцээнд оролцоод, ямар амжилтаар дүүрэн ирэв?
-Сайн байна уу? Сая хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Ангарск хотод зохиогдсон тэмцээнд оролцоод ирсэн. Тэгээд алтан медаль хүртээд, мөн “Шилдэг эмэгтэй тамирчин” болсон.
Өсвөр, бага насны 52кг-ийн жинд алтан медаль хүртсэн. Би уул нь бага насны тамирчин. Гэтэл саяны тэмцээнд өрсөлдөгч улс орны боксчид намайг хөгшин гэж бодсон юмуу, миний насыг сонсоод надад итгэхгүй байсан. (инээв)

-Гитарыг хэзээнээс тоглож сурав?
-Би сонирхлоороо гитарыг 6 сарын өмнөөс сурсан. Тэгээд ер нь өөрөө л сурчихсан. Яаж гэхээр юүтүбээс бичлэг үзсээр байгаад л тэгээд л оролдож үзсээр байгаад, гайгүй сурчихсан.
-Спорттой хосуулан гитар тоглоод, давхар давхар хоббигоо хөгжүүлнэ гэдэг гоё байх?
-Боксын бэлтгэлээ ч хийгээд, тэмцээн уралдаандаа оролцоод, бас орой бэлтгэлээ тарж гэртээ ирээд л гитараа тоглоод суух маш гоё. Би гитараа тоглонгоо бас дуу дуулчихдаг. Эгчтэйгээ хамтдаа боксоор хичээллэдэг болохоор бэлтгэлдээ явахад ч ханьтай амар юм гэж манай аав, ээж хоёр ярьдаг. Аав, ээж хоёр маань бид хоёрыг боксын спортоор хичээллэхэд маш их дэмжиж тусалдаг.


-Дараагийн ямар тэмцээнд оролцохоор төлөвлөсөн байгаа вэ?
-Одоо хэдхэн хоногийн дараа Орос руу нэг тэмцээн бий. Тэрэнд явах гээд бэлтгэл сургуулилтаа базааж байгаа.
-“Ихэр бээлий” боксын клуб дээр дасгалжуулагч нь хэн байдаг вэ?
-Одоо ер нь бол Ганзориг багш дээрээ л бэлтгэлээ хийж байгаа.


-Тэмцээнтэй байвал тэр үеийн бэлтгэлийн тэмп ямар байдаг вэ?
-Тэмцээнд явахаар үед бол тэмцээний бэлтгэл нэг биеэ халаагаад тэгээд жаахан техник давтаж байгаад, дараа нь шууд бойндоо ордог. Тэгээд бой хийгээд тэгээд шууд л дараа нь сунгалт хийгээд дуусгадаг. Тэмцээний биш үеэр бол дандаа техник, ур чадвар, цохилт гээд л давтана, мишоконд орно.
-Боксын спортоор хэдэн жил хичээллэж байна вэ? Хамгийн ойрын зорилго мөрөөдөл нь юу вэ?
-Би одоо боксын спортоор 3 дахь жилдээ хичээллэж байгаа. Миний хувьд хамгийн ойрын зорилго гэвэл Ази тивийн аварга болох зорилготой.
Ярилцсанд баярлалаа.

