
ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүг ажлаас нь өнөөдөр чөлөөлж, түүний оронд Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томилжээ. Ажлаас халагдсан асуудлаараа Н.Эрдэнэхүү эмч мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Эрүүл мэндийн сайдын тушаал өнөөдөр ирлээ. Ажлаас өнөөдрөөр чөлөөлж байгаа юм байна. Чөлөөлж байгаа үндэслэлгүй. “Сонгон шалгаруулалтаар томилоогүй тул” чөлөөлж байна гэсэн байгаа юм. Гэтэл дараагийн хүнээ ч бас сонгон шалгаруулалтаар томилоогүй хүнээ тавьж байна. Монгол Улсад сонгон шалгаруулалтыг хэн явуулах юм гэхээр ТУЗ. ХСҮТ-д ТУЗ байхгүй.
Хөдөлмөрийн хуулиар хүнийг ажлаас халах бол нэг сарын өмнө мэдэгдэх ёстой. Гэвч шууд чөлөөлөх сайдын тушаал гарч, хууль зөрчиж байна. Хуулийн дагуу шүүхэд хандана. Гэхдээ буцаад дарга болъё гэж шүүхдээд байгаа юм биш. Хууль журмыг хэрэгжүүлэх үйл явц нь буруу байна аа гэдэг асуудлаар шүүхдэнэ.
Зургаан жил жилийн хугацаанд алдаа дутагдлыг минь түшиж, ажиллах бололцоогоор хангаж өгсөн, дэмжиж байсан хамт олондоо баярлалаа гэдгээ илэрхийлж байна.
М.Адилсайханыг захирлаар ирсэнд баяртай байгаа. Огт танихгүй хүн, энэ салбарын биш хүн ирсэнгүй. Өмнө нь Монгол-Японы эмнэлэгт захирлаар ажиллаж байсан. Тийш захирлаар очихоосоо өмнө ХСҮТ-д гэрээт эмчээр, АШУҮИС-ийн Хавдрын тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан. Бидэнтэй хамт хагалгаанд ордог, энэ байгууллагад хүн бүхнийг танина. Тийм ч учраас ажлаа хүлээлгэж өгөхдөө харамсаад байгаа юм алга. Харамсаж байгаа юм нь юу вэ гэхээр сайхан хамт олноосоо явж байна. Эхлүүлсэн 4-5 төсөл байгаа. Тэрийг М.Адилсайхан захирал маань үргэлжлүүлээд аваад явна гэж найдаж ажлаа хүлээлгэж өгч байна” гэв.