
Гашуун яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Мөрөөдлийн театрын жүжигчин Э.Намууныг урьж ярилцлаа. 10-аад жил урлагийн амьдралаасаа завсарлага авч, сайн ээж, сайн эзэгтэй байхад хугацаа зарцуулсан түүнтэй бид гэр бүлийн үнэ цэн болоод шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-Эцсээ хүртэл сайн жүжигчин байхыг л зорино-
-Ярилцлагын санал хүлээн авсанд баярлалаа. Галбингаа УСК тун удахгүй нээлтэй хийх гэж байна. Таны хувьд хэр шандас сорьсон бүтээл болов оо?
-Миний эерэг, гол дүрд тоглосон бараг анхны бүтээл. Мэдээж гол дүр гэдэг бол киноныхоо бүх зангилааг чирч явдаг. Ачаалал, хариуцлага ихтэй. Жүжигчин хүний хувьд нэлээн шандас сорьсон ажил байлаа. Киноны ерөнхий агуулга нь хүн хүнээ хайрдах сэтгэл, үр удмаа үлдээх, хүний амьдралын утга учрын тухай өгүүлсэн кино байгаа. Ард нь амжилттай гарсандаа их баяртай байна.
Мэдээж урлагийн салбарт ажилладаг учраас, эцсийг нь хүртэл явахыг хичээдэг. Манай талийгаач Ц.Мөнхдорж багш маань надад хэлж байсан юм. Би магистрт сураад, докторын зэргээ хамгаална гээд л ярихгүй юу. 2013, 2014 онд л байх. Тэгсэн чинь багш маань, “Миний хүү зүгээр нэг гоё жүжигчин болчих оо. Хэтэрхий их зэрэг хамгаалаад явчихаар хөрсөндөө бууж чадахаа больчихно. Зүгээр гоё жүжигчин байчих” гээд хэлсэн. Чи ер нь жүжигчин хүн шүү гэдгийг л хэлээд байсан хэрэг. Одоо багшийнхаа хэлсэн тэр үгийг зүрхэндээ тээж, эцсээ хүртэл сайн жүжигчин байхыг л зорьдог.
-Таны хувьд өсвөр насандаа аавыгаа алдсан юм билээ. Аавын орон зайгаар дутаж байсан үе бишгүйдээ л бий болов уу?
-Аав маань намайг 16 настай байхад нас барсан юм. Аавын орон зай их дутна аа. Ялангуяа эрэгтэй хүний хүч давамгайлсан үед маш их үгүйлдэг байсан. Ямар азаар Эрхэмээтэй нийлсэн юм гэж боддог. Манай хүн ер нь их түшигтэй. Ханхайчхаад байж байгаа нь л түшигтэй хүн. Ажиглаад байхаар, манай аавтай их адилхан юм шиг. Аавынхаа дайны төрхтэй, бие хаатай хүнийг сонгочихсон юм болов уу гэж боддог.
-Өнгөрсөнд үлдсэн гомдлоо тээгээд л байвал сэтгэлийн шаналал хэзээ ч арилдаггүй юм шиг-
-Олны танил хүний амьдрал нийтийн алган дээр ил байдаг шүү дээ. Таны болон танай гэр бүлийн сонголтыг бусад хүн шүүж чичлэх тэр хугацааг хэрхэн давсан бэ?
-Хүн өнгөрсөнтэйгөө зууралдаж амьдрах хэрэггүй юм байна гэж бодсон. Яагаад гэвэл өнөөдөр байгаа байдал өнгөрсний үр дүн л гэсэн үг шүү дээ. Өнгөрсөн үед үлдсэн гомдол, “тэгэх байсан юм даа” гэдэг харамслыг зулгаагаад л чирээд явахаар сэтгэлийн шаналал хэзээ ч арилдаггүй юм шиг. Анх… 10 жилийн өмнө гэсэн үг шүү дээ. Эхний гурван жил үнэхээр нүдүүлнэ гэдэг шиг сошиалд нүдүүлсэн. Үнэхээр сэтгэл хямарч байсан. Эрхэмээ бид хоёрыг юу гэж хэлэх үнэхээр хамаа байгаагүй. Хүүхдүүд рүү чиглэсэн сөрөг комментууд маш эмзэг тусдаг байсан. Тэр үед азаар хүүхдүүд маань жаахан байж. Тэр сөрөг энерги дунд хүүхдүүд маань өсвөр насанд хүрчихсэн байсан бол сэтгэл зүй нь үнэхээр шархлах байсан байх. Бүх хүнд тааруулж нийцүүлж амьдрах ёстой ч юм шиг. Тэр нэг үүрэг хариуцлага гэх үү, ял гэх үү, тийм байдал маш хэцүү. Нөгөө талдаа угаасаа л сонгосон мэргэжил нь хүний нүдэнд ил юм чинь. Хэрвээ тэдний хэлсэн үг нь үнэн байсан бол магадгүй нээрээ л би буруу зүйл хийчихлээ гэж бодох байсан. Худлаа зүйл яриад байсан болохоор миний цаашдын харах өнцөгт болон сонголтдоо эргэлзэх байдал огт үүсээгүй.
-Салалтын дараа амьдрал зогсчхож байгаа юм шиг л санагддаг-
-Гэр бүл салалтын талаар хүмүүс янз бүрийн л бодолтой байдаг. Таны хувьд?
-Яг намайг салсан тэр үед гэр бүл салалт ихэссэн юм шиг санагддаг. Хүн болгоны амьдралыг мэдэхгүй ч, нэг л үнэн зүйлийг мэдэж байгаа. Үнэхээр болохгүй болоод л салж байгаа шүү дээ. Болгох гэж хүн бүр үзнэ. Хэн ч хүүхдүүдээ өнчрүүлэхийг хүсэхгүй. Хэн ч босгосон амьдралаа нураахыг хүсэхгүй. Үнэхээр тэсэж тэвчээд давахгүй, болохгүй байгаа болохоор салах шийдвэрт хүрч байгаа юм. Салалт бол маш хэцүү даваа. Амьдрал зогсчхож байгаа юм шиг л санагдана.
-Салалтын дараах таны сэтгэл зүй хэр байсан бэ?
-Аймар шүү дээ. Салсны дараа хичээл зүтгэлээ гаргаж, ширхэг ширхгээр босгосон гэр орноо түрээслэх хэрэг гарсан. Мөнгө хэрэгтэй болно шүү дээ. Ингээд байраа түрээслэх гээд эд зүйлсээ цэгцэлж байхад маш хэцүү байсан. Бүр хурааж чадахгүй найзуудыгаа дуудаж байсан юм. Өөрийн гараар хийж чадаагүй ээ. Найзууд маань манай гэрийг цэвэрлэж өгч байсан.
-Хоёр дахь гэр бүлийн хөндүүр сэдэв нь хойд ээж, аав, дагавар хүүхэд гэх нэршлүүд байдаг. Та энэ талаар юу гэж боддог вэ?
-Яг тийм. Тэр нэршлүүд маш “сонин”. Цэцэрлэг сургуулиуд хүртэл эцэг эхийн хурал гэдэг нэршлээ больсон шүү дээ. Асран хамгаалагчийн хурал гэдэг болсон. Хүүхэд ямар ч амьдралтай байж болно. Эцэггүй, эхгүй олон хүүхэд бий шүү дээ. Үүн шиг “хойд” гэдэг үгийг хэрэглэмээргүй байгаа юм. Аав л бол аав. Ээж л бол ээж.
-Өөрөө ч мэдэхгүй хүүхдүүдээ гомдоох вий, гадуурхах вий гэдэг болгоомжлол танд байсан уу?
-Тэгэлгүй яах вэ. Хүүхэд учраас, буруу зүйл хийхэд нь загналаа гэхэд, “би буруу зүйл хийсэн учраас загналаа” гэдэг ойлголт байхгүй шүү дээ. Зүгээр л намайг загнаж байна гэж хүлээж авна. Юу буруу хийснээ ч мэдэхгүй болохоор тэр. Хүүхдүүддээ, “намайг л ингээд байна” гэдэг мэдрэмжийг өгөхгүйн тулд, нэг загнавал ташраар нь загнаад л, нэг хайрлавал, бүгдийг нь хайралдаг байсан. Дээрээс нь тэрсхэн хоёр охиноо ихрүүд шиг хувцасладаг байсан юм. Яг л тэнцүү шүү гэдэг мэдрэмжийг өгөх гэсэндээ тэр шүү дээ.
Үг болгоноо цэгнэнэ ээ. Заримдаа юу ч бодохгүй ярьж үзэх юм сан гэж хүсдэг. Амандаа орсноо яримаар санагдаад л… Алхам тутамд зөв үү, буруу юу. Ингээд хэлчихвэл тэр маань юу гэх билээ, гээд л олон зүйл боддог. Эхэндээ тархи нэлээн ачаалж байсан.
Ерөөсөө л хайр. Хайрлаад л байвал үг, үйлдэл, сэтгэл гээд бүх зүйл цаанаасаа гараад байдаг юм шиг. Тэгэхээр гэр бүл гэдэг ямар нэг цензургүй, болзолгүй, зүгээр л хайрлах явдал.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.