
Туул голын усны чанарыг ундны усны чанартай харьцуулах юм бол, бохироор барахгүй, хор болчихсон байгаа талаар Усны газрын дарга З.Батбаяр хэллээ. Тэрээр усны чанар, стандартын талаар дараах мэдээллийг өгөв.
Энэ талаар ярихдаа, “Усны нөөцийн хуримтлал бий болгоё. Гадаргын усаа хуримтлуулъя. Борооны усаа хуримтлуулъя гэж олон жил ярьсан боловч одоог хүртэл ажил болоогүй байгаа үндсэн шалтгаан бол бидний тархинд нөөцийн хуримтлал бий болохгүй байна гэсэн үг. Үүнийг наад зах нь шүдээ угаахдаа л хийх боломжтой. Усны цоргоо онгорхой орхиод гурван литр усаар үр дүнгүй шүдээ угаах уу, эсвэл 250 грамм ус аягалж аваад шүдээ угаах уу гэдэг асуудал ойлгомжтой буюу усны нөөцийн хуримтлал үүсэх эхлэл болно.
Усны чанарын тухай асуудлыг бид ярих хэрэгтэй. Бид энэ талаар ярихдаа дандаа стандарттай холбож ярьдаг. Туул голын усны чанар ямар байгаа вэ гэж. Хэрвээ Туул голын усны чанарыг ундны усны чанартай харьцуулах юм бол, бохироор барахгүй, хор болчихсон байгаа. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотод байгаа 680 мянган нүхэн жорлон, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн ачааллыг давж очиж байгаа асар их бохироос болоод бид өөрсдийгөө хордуулж байна гэсэн үг. Тэртээ тэргүй уухгүй юм чинь ундны усны стандарттай харьцуулж яах юм бэ, түүний оронд гадаргын усны стандарттай харьцуулъя гэх юм бол, тодорхой хэмжээний бохирдол бий. Тухайлбал химийн хэрэгцээт, биологийн хэрэгцээт хүчил төрөгчийн шинжилгээ авсан. Зарим газраас гэдэсний савханцар нян илэрч байх жишээний.
Гэтэл байгальд нийлүүлж байгаа бохир усны стандарттай Туул голын усыг харьцуулаад үзвэл, харьцангуй дээр. Юу хэлэх гээд байна гэхээр, усны чанарыг харахад бохир байна гэж ярьдаг цаг өнгөрсөн. Харин ямар төрлийн стандарттай юугаа харьцуулах вэ гэдэг чухал болж байна.
Европын улс орнуудад хүүхдийн шүдний өвчлөлийг багасгахын тулд усны фторын хэмжээг нэмсэн. Үүний үр дагавраар хүүхдийн ходоод өвчилж эхэлсэн. Тиймээс нэг зүйлийг нь харах биш усны стандартыг маш олон талаас харах ёстой” гэлээ.